Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 96 жилийн ой, Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Хууль сахиулахын их сургуулийн эрдмийн хамт олон эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг тайлагнаж, эрдмийн бүтээл туурвилаараа тэргүүлсэн эрдэмтэн багш, судлаачдыг шалгаруулж урамшууллаа.

Тус их сургууль нь салбарын шинжлэх ухаан боловсролын хөгжилд тэргүүлэх байр суурьтай, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн хөгжлийн гол түшиц байгууллага болох зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээний үеэр Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийн тушаалаар тус их сургуулийн Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат хуульч, академич Ж.Амарсанаад “Хүндэт профессор” цол олголоо.

Хууль сахиулахын их сургуулийн багш судлаачдыг эрдэмжүүлэх, тухайн  салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн тухайн цолыг олгосон бөгөөд Академич Ж.Амарсанаа тус их сургуулийн 10 дахь “Хүндэт профессор” болжээ.

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан  “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл-2017” болзолт уралдааны шилдгүүдийг тодрууллаа. Тус уралдааны “Шилдэг нэг сэдэвт бүтээл”-ийн төрөлд тэргүүн байрт ХСИС-ийн Хууль сахиулахын удирдлагын академийн профессор, доктор, цагдаагийн хурандаа Ц.Очгэрэл, “Шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэл”-ийн төрөлд Цагдаа судлалын төвийн эрхлэгч, доктор, цагдаагийн хошууч Б.Энхболдын өгүүлэл шалгарсан байна.

“Шилдэг инновацийн бүтээгдэхүүн” төрөлд Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, цагдаагийн хошууч Б.Мөнхдоржийн бүтээл, “Шилдэг төсөл, судалгаа” төрөлд Цагдаагийн сургуулийн 343 дугаар дамжааны сонсогч М.Бямбабаярын төсөл тус тус байр эзэллээ.     

Тус их сургуулийн эрдэмтэн, судлаачид Шинжлэх ухаан, технологи, инновацийг эрчимтэй хөгжүүлэх талаар Монгол Улсын төрөөс дэвшүүлж буй зорилго, зорилт, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох, улс орны хурдацтай хөгжлийг хангах, судалгаанд суурилсан их сургууль болон хөгжихөд идэвхи санаачилга  гарган ажиллаж байна.