Хүчингийн хэрэгтэнд оногдуулах ялыг чангатгах талаар бид удаа дараа жишээ баримттай хүргэж байгаа. Энэ удаад хүчингийн гэмт хэргээр ял эдэлэж байсан этгээд дахин хүчингийн хэрэг үйлдэхийг завдсан талаар баримттайгаар хүргэх гэж байна.

 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй  Ш овгийн Ц-гийн Д гэгч нь хүчингийн хэрэг үйлдсэн тул 2014 онд  шүүхээс ял авч байв. Тодруулбал,  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялаа эдэлж дуусаад 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр суллагдсан байна.

Суллагдаад нэг сар болоогүй байхдаа буюу  2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн .... тоот хашаанд байрлах өөрийн байшинд насанд хүрээгүй хохирогч Б.Эыг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан байгаа юм.

Ингэхдээ тэрбээр хохирогч охин болон түүний дүү нараас тусламж хүссэн. Түүнд тусалсан гэж дүү нарыг нь жимсээр дайлахдаа эгчийг нь хүчиндэхийг завдсан бөгөөд хэргийн газраас зугтаж том хүнд болсон хэрэг явдлын талаар ярьснаар хуулийн байгууллагад ханджээ. Уг хэргийг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд Ш овгийн Ц-гийн Д-ийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар 1 жил 30 хоног хорих ял эдлүүлэхээр болсон.

Нэг жил 30 хоногийн дараа гарч ирээд энэ хүн дахиж гэмт хэрэг үйлдэх болов уу гэсэн айдас энэ хэргийг мэддэг хүмүүст төрж байгаа. Яг ийм айдас охин хүүхэдтэй хүн бүрт нууцхан байдаг. Тиймээс хүчингийн хэрэг үйлдэхийг  завдсан, үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг хүндрүүлэх шаардлага байгааг дээрх жишээ харуулж байна.

Хүний эрхийн үндэсний комиссын тайланд дурдсанаас үзэхэд ганцхан жилийн дотор 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. 12-17 насны 1613 эх амаржжээ. 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байна. Хэрвээ бид хүчингийн хэрэг үйлдэхийг завдсан, үйлдсэн этгээдийг дориухан шийтгээд өгвөл дээрх тоо тодорхой хэмжээнд буурах болно.

2017.07.01-ны өдрөө хүчингүй болсон 2002 оны эрүүгийн хуулинд уг нь хүчин хийсэн этгээдийн ял чанга байсан. Харин шинэ Эрүүгийн хуулинд ялын бодлого 2-5 жилээр хөнгөрсөн. Ийм байхад хүчингийн хэрэгтэн бага ял аваад гарч ирээд дахин үйлдэх болно. Тэр тоогоор хүүхдүүд хохирно. Тиймээс Эрүүгийн хуулийн хүчинтэй холбоотой заалтуудын хуулийн хариуцлагыг чангатгах шаардлагатай болоод байна.

Алдаж эндсэн хүнийг унасан дээр нь дэвсэж байгаа мэт “муухай” харагдаж байгаа байх. Гэхдээ бусдын эрх, эрх чөлөөнд халдаж байгаа болохоор тухайн хүний эрх чөлөөг хязгаарлаж, дахиж ийм төрлийн хэрэг хийхээс сэрэмжлүүлж бусдыг хамгаалах зайлшгүй шаардлагатай!!!

 

Холбоотой нийтлэл

Хүчингийн хэргийн ял шинэ эрүүгийн хуулинд хөнгөрч орсон шүү УИХ-ын гишүүд ээ