Сэлэнгэ нутгийн Д.Нэргүй хэмээх энэ бүсгүй хөдөлмөрийн гараагаа 1973 оноос эхлүүлж өдгөө 40 жилийн турш уг ажлыг тасралтгүй хийж ирсэн юм.

Тэрээр ойн модыг тарьж ургуулах, нөхөн сэргээх, хамгаалах ажлын хүрээнд тужийн нарсанд 30,0 мянга гаруй га талбайд ойжуулалт, 130 га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах ажил гүйцэтгэжээ. Мөн 100 га талбайд ойн үрийн байнгын хэсэг, 20 тн боргоцой боловсруулах цех, хоёр га талбай бүхий мод үржүүлгийн газар байгуулан ажиллуулж 40,0 сая ширхэг нарсны тарьц, суулгац ургуулж ойжуулалтын ажилд нийлүүлсэн байна. 

Д.Нэргүй 1996 онд Монгол улсын ойн анхны мэргэжлийн байгууллагуудын нэг болох “Өргөн Сэлэнгэ” ХХК-ийг санаачлан байгуулж шилмүүст болон навчит модны үр боргоцой бэлтгэж боловсруулах, мод үржүүлэгийн ажил эрхэлж тарьц, суулгац үржүүлж, бойжуулах, ойжуулалт нөхөн сэргээлт хийх, таримал ойг арчлан хэмгаалах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй 21 жил эрхлэн явуулжээ. Тэрээр мэргэжлийн боловсон хүчин, мод үржүүлгийн болон ойжуулалтын ажлын техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж 20 шахам хүнийг байнгын ажлын байраар олон зуун хүнийг улирлын чанартай ажлын байраар хангаж ирсэн байна.