Будаа агшаагчтай болчихоод бид будаа түлэгддэг гэдгийг мартаж орхиж. Түүнээс гал нь ширүүдвэл саван дахь будаа салахын аргагүй наалдаж, эцэг эхээсээ айхдаа савтай нь хог руу чулуудаж байсан үе байдаг юм шүү. 

Гэтэл бид мартчихаж. Эсвэл зүгээр л хуванцар будаа гэдэг үгэнд дэндүү автчихсан байна. Тийм зүйл гэж юу байх вэ дээ. Төсөөлөөд үз л дээ. Хуванцраар эсвэл мяндас утсаар будаа хийж гэж бодьё.

Хоолойгоор давах нь битгий хэл хоол хийхэд ч бэрх байна биз дээ. Эсвэл хятадууд хуванцарыг хоол хийсэн ч болох хэмжээнд хүртэл нь боловсруулдаг нээлт хийсэн юм уу. Өнөөх нээлт нь “усанд хийхээр хөвөөд байна” гэж байгаа биз. Гайхалтай юм шүү. Бодвол будааг усанд хийгээд туршилт явуулж байгаа хүн энэ насандаа будаагаар хоол хийж үзээгүй байж таарч байна. Тэгээд анх удаагаа будаа угааж хоол хийх гэж байгаад живэхгүй хөвөөд байхаар нь бичлэг хийж. Тэгсэн манай сошиалчид түүнийг нь өлгөж аваад аймар идэвхтэй, дэмжиж, шейрлэж, бухимдацгааж байна. Ерөөсөө энэ Монголчууд чинь гэртээ хоол хийж идэхээ больчихжээ дээ янз нь. Түүнээс цагаан будаа хөвөх нь хөвж, живэх нь живдэг гэдгийг мэдмээр л юм.

Эсвэл бүр болохгүй бол хагас кг цагаан будаа дэлгүүрээс худалдаж аваад усанд хийгээд үз. Хөвж, живсэн ч хоол болдог юм аа тэд чинь. Дараа нь нөгөө зуухан дээр шардаг балай туршилтыг хийгээд үзэхгүй юу. Будаа тань түлэгдэж, харлаж, наалдаж л таараа. Яасан хуванцар будаа идсээр байж уу? Тэгээд өөрийн эрүүл органик гэж боддог хүнсний бүтээгдэхүүнээ яг ийм туршилтанд оруулаад үзээрэй. Түлэгдэхгүй, харлахгүй байна уу хамтдаа харцгаая.

Эндээс нэг ийм л бодол төрж байна. Бид мэддэг зүйлээ мэдэхгүй болтлоо сошиалд автжээ. Хятад муу юу? Муу, муу… Гэхдээ л будаагаа хуванцар уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй бид тэднээс ч дор улс юм. Ядаж хүнсээ сонгохдоо өөрийн бодолтой баймаар байна. Сүү гашлаад шар өнгөтэй болчихлоо гээд яриад явдаг болсон байна шүү дээ. Ингэж л мунхаглаж болмооргүй байна. Түүнээс чинь болоод хэн дуртай нь элэглэж, биднээр тохуурхаж байна. Фейсбүүкээс өөр ертөнцтэй харилцах чадамжгүй болж, харах өнцөг хумигдсаар байна. Будаа түлэгддэг юм шүү. Гэртээ будаа агшааж орхиод мартаж, түймэр тавьчихсан тохиолдол ч бий. Тэгэхээр тэнгэр заяат хөх толботнууд минь авч буй мэдээлэлдээ хяналт тогтоож, цорын ганц үнэн гэж итгэхээсээ өмнө ядаж хажуудах хүнээсээ асуучихаж бай. Тэр хүн чинь хэзээ нэгэн өдөр будаа агшааж, хоол хийсэн л байж таараа.