Монголын морин спорт, залуу уяачдын холбоо нь бодлого төлөвлөгөө, үйл ажиллагааныхаа үндсэн зорилтын дагуу, монголын уламжлалт хурдан морины уралдаанд өөрийн эр зориг, эрдэм чадал, тэсвэр хатуужил, арга ухаан, авъяас билэг, хүч хөдөлмөрөө зориулан үнэтэй хувь нэмэр оруулан хөгжүүлж яваа эзэн, уяач, уралдаанч хүүхдүүдийг шагнаж, урамшуулах нэрэмжит шагналуудтай болжээ.

   Шагнал бүр нь өөрийн онцлогтой бөгөөд хурдан морины уралдаанч хүүхдэд зориулан нэрэмжит шагнал гаргасан нь хүүхэд багачуудын хөдөлмөр, зүтгэлийг хүндэтгэсэн чухал ач холбогдолтой юм. Ингээд тусгай удирдамж, тогтоол, шийдвэрийн дагуу Улаанбаатар хот болон 21 аймгийн салбар холбоодоороо дамжуулан олгох ММСЗУХ-ны “Шилдэг морины зүтгэлтэн”, “Шилдэг залуу уяач”, “Шилдэг хүлэгч хүүхэд” зэрэг шагналуудын билэгдэлтэй танилцана уу.

   ШИЛДЭГ МОРИНЫ ЗҮТГЭЛТЭН: Медалийн тойргийн гадна дөрвөн зүг найман зовхисыг билэгдсэн дөрвөн болор, хурдан морины хөхөлдгийг дүрсэлсэн бөгөөд тойрог дотор Уяач, Уралдаанч хүүхэд, Хурдан морийг дүрсэлж, улаан өнгөөр эрх мэдэл, хүч чадлыг билэгдсэн.

Таван ширхэг таван хошуу нь монгол түмний аж, амьдралын амин чухал эрдэнэ болсон таван хошуу малыг билэгдэж, цэнхэр өнгө нь мөнх хөх тэнгэрийн дор үүрд өсөн дэвжихийг билэгджээ.

 

   ШИЛДЭГ ЗАЛУУ УЯАЧ: Медалийн тойргийн гадна цацарч тойрсон дөрвөн тах, хоёр дөрөө нь хурдан морь, уралдаанч хүүхдийг билэгдсэн бөгөөд залуу уяач нь хурдан эцэг адуугаа хурдлуулсны дараа хөлсөлж байгааг дүрсэлсэн.

Ногоон өнгө нь газар дэлхийг билэгдсэн бөгөөд таван ширхэг таван хошуу нь монгол түмний аж, амьдралын амин чухал эрдэнэ болсон таван хошуу малыг билэгдэж, цэнхэр өнгө нь мөнх хөх тэнгэрийн дор үүрд өсөн дэвжихийг билэгджээ.

 

   ШИЛДЭГ ХҮЛЭГЧ ХҮҮХЭД: Уралдаанч хүүхдийг алтан шаргал нарны цацраг мэт өнгөөр дүрсэлсэн нь ирж яваа цагийг билэгдсэн.

Цэнхэр өнгө нь мөнх хөх тэнгэрийн билэгдэл, ногоон өнгө нь газар дэлхийг билэгджээ.