Сайн байна уу. Би 36 настай. Нөхөр бид хоёр суугаад 14 жил болж байна. 13 настай, 8 настай 2 хүүтэй. Манай нөхөр их сайн хүн. Архи огт уудаггүй, тамхи татдаг байснаа надтай нийлээд л гарчихсан, намайг хуурч байгаагүй, илүү дутуу зангуй, хүүхдүүддээ халамжтай, хүмүүжилд нь анхаардаг, ажилсаг, гэр орноо сайн авч явдаг гээд маш олон сайн талтай. Намайг их хайрладаг, халамжтай бурхан шиг л хүн.

Нэг гэм нь манай хүний хобби байнаа. 6 жилийн өмнөөс амьдрал гайгүй болмогц загас барих дуртай болсон. Уг нь хүүхэд байхдаа аавыгаа дагаж явдаг байсан ч, амьдралаа босгоно гээд орхисон юм билээ. Одоо энэ хоббидоо цаг, мөнгө хайрлахгүй. Нэг хэсэг амралтын өдөр бүр явдаг байсан ч би зүтгэсээр сард 2 удаа явуулдаг болсон. Загасны хорионы үеэр хиймэл өгөөш хийнэ гээд баахан утас, цавуу, будаг, хиймэл нүд, мод энэ тэр болчихсон хүн шөнө болтол сууна. Тэгээд гэрийнхээ нэг өрөөгөөр дүүрэн хиймэл жараахай, ялаа энэ тэр болоод суучихна. Тэрийгээ хийхээрээ хоол ундаа хүртэл мартаад суучихна.

Эсвэл зааланд очиж, шидэлтийн сургууль хийнэ гээд яваад өгдөг. Өвөл зуны нийлсэн бараг 20-оод уургтай байх, жил бүр л миний мэдэхгүй нэр томьёотой өөр өөр төрлийн уурга авдаг. Уг нь хоббитой байх сайхан л даа даанч нөхөр маань хэтэрхий дуртай болоод байгаа юм шиг санагдах юм. Ядаж байхад манай хүн зожиг болохоороо ганцаараа явдаг. 4 жилийн өмнө мөслүү цөмөрч ороод, хатгаа тусаж эмнэлэгт хэвстэн. Тэрнээс болснуу, одоо надаас нууж, үе мөчний тос, эм хэрэглэдэг болсон байна лээ. Өнгөрсөн жил 1 сард хөдөө машин нь эвдрээд, айл хайж 30-аад км алхахдаа хацраа хөлдөөсөн байсан. Хүмүүстэй яв гэж загнасаар нэг найзыг нь хүчээр шахуу цуг явуулдаг болсон ч манай нөхөр шиг яваад байх зав гарахгуй, ихэнхдээ л ганцаараа явна.

Тэгж яваад аваар осол, осгох, чоно нохойд бариулах, хүн амьтанд алуулчих вий гээд янз бүрийн л юм бодох юм. Том хүү зундаа аавтайгаа явдаг ч өвөл даарна гээд үлдээдэг юм. Уржигдар манай нөхөр бага хүүд анх удаа гар хүрлээ. Яасан гэхээр аавынхаа өрөөнд ороод, ааваас нь өвлөгдөн ирсэн хулсан уургыг нь хугалчихсан. Хүүхдүүдээ зодох бүү хэл чангаар загнаж байгаагүй хүн, хүүгээ алагдаж байгааг хараад цочирдож ихийг бодлоо. Одоо хүртэл хүүтэйгээ дугарахгуй, хөмсгөө зангидаад яваад байна. Сүүлдээ хобби нь сэтгэцэд нь нөлөөлж байгаа юм биш байгаа гэж бодлоо. Эрэгтэй хүн ямар нэг зүйлд автахаараа ингэж өөрчлөгддөг юм болов уу. Том хүү аавынхаа хойноос орж байх шиг байна. Дүүгээ бас зодсон байна лээ…