Өнгөрсөн оройноос олон нийтийн сайтын хэрэглэгчид дунд "Цагийн дараа бензиний үнэ нэмэгдэх нь Ядаж банкаа дүүргээд ав" гэх мэт яриа гарсан билээ. 

Өнөө өглөөний байдлаар шатахуун түгээх компаниуд үнэ нэмсэн асуудал байхгүй байгаа юм. Ямартаа ч иргэдийн дунд бензин шатахууны үнэ нэмэгдэх нь гэсэн хардлага бий болсон тул Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны  Түлшний бодлогын газраас энэ асуудлаар тодруулга авахад "Иргэдийн дунд гарсан яриа болов уу. Манай яаманд бензин шатахуун нэмнэ  гэсэн шийдвэр болон ийм яриа гараагүй" хэмээн мэдэгдсэн юм. 

Холбогдох албаны өөр нэг эх сурвалжийн мэдэгдсэнээр, шатахуун борлуулагч компаниудын үнэ харилцан адилгүй байгаа бөгөөд зарим нь одоогийн тогтоосон зах зээлийн үнээс бага, зарим нь арай илүү үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байгаа. Тиймээс үнийг жигдлэх үүднээс бензиний үнэд бага зэргийн өөрчлөлт оруулахаар ярилцаж байгаа гэсэн юм. 

Ерөнхийдөө бол үнийн хувьд 1630-1650 төгрөг гэсэн албан ёсны тогтсон ханш бий болгон шатахуун борлуулагч компаниудыг нэг үнэтэй болгох асуудал аж. Харин тухайн компаниудад нь хэрэглэгч нартаа хөнгөлөлтийн картаараа хямдруулах эсэхээ шийдэх бололтой. 

Ямартаа ч саяхан Тэс петролиум компани жолооч нарын хамгийн ихээр хэрэглэдэг АИ92 бензиний нэг литрийн үнийг 1650 төгрөг болгосон бөгөөд хөнгөлөлтийн картаараа үүнээс арай хямд үнээр авдаг байна. 

Шатахууны үнэ одоогоор жолооч нарын голчлон хэрэглэдэг  АИ92 бензиний үндсэн үнэ 1630 төгрөгөөр борлуулж байгаа билээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн хоёрдугаар сард АИ92 бензин литр нь 1530 төгрөг байсныг 100 төгрөгөөр нэмнээс хойш үнийн хувьд ямар нэг өөрчлөлт оруулаагүй байгаа билээ.