Хэрвээ манай эх орончид овсгоо, эр зориг гаргаж Манжаас салаагүй бол Манж Чин улсын харьяанд байсан Хятад улс хаант засгийг Бүгд найрамдах засгаар сольж, Дундад иргэн улс байгуулагдангуутаа манайхыг шууд харьяандаа оруулах онц ноцтой аюул байлаа. 1 сарын хойно үндэсний хувьсгалаа эхэлсэн бол тэгээд дуусна.

Богд Жибзундамба гэдэг энэ амьд бурхны үгийг л хүлээж байв. Лам хувраг хүн гэхэд маш зоригтой шийдврийг гаргаж чадсан юм. Бээжинд төлөөлөн сууж байсан эрдэнэ жонон Шиирнэндамдин гэх мэтийн тагнуул туршуулуудын далд гавьяа ч бий. Хуучин өнгөрсөн үед үүнийг "Феодлуудын хувьсгал" гэж үл тоомсорлож байв. Чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, говь түшээ гүн Чагдаржав, Хайсан гүн зэрэг цаашилбал Сайн ноён хан Намнансүрэн нарын жинхэнэ Чингис хааны удмын гайхалтай эх орончдоо энэ өдрүүдэд дурсахгүй бол өөр юуг дурсах вэ? Бүх монголчууд нэг хүн шиг дэрхийн боссон. 1911 оны хувьсгал 1921 оны хувьсгалыг бэлтгэж өгсөн гэхэд болно, цэргийн бүх баатрууд нь ардын хувьсгалд оролцсон.

Харийн "ёолк" буюу сүлд модны наадам гэдгийн асар хүчтэй давалгаан дунд хөөрхий энэхүү их хувьсгалыг, тэрхүү баатарлаг эх орончдыг даанч нэг тоохгүй санахгүй шахам өнгөрөх юм даа. Залуучууд энэ түүхээ ч мэдэхгүй нь даанч харамсалтай. Харин үе үеийн Төрийн тэргүүнүүд анхаарал тавиагүй бол үүнээс долоон дор юу ч анзаарагдахгүй өнгөрнө. Ядаж "Цагаагчин гахай жил" гэдгээ мэдээсэй гэсэндээ ийм нэртэй томхон хэмжээний роман бичсэн нь тохиодлын хэрэг биш байлаа. Хүмүүст тун дажгүй хүрсэн боловч нэгэн номын дэлгүүр романыг маань "Мах, ногоо, хүнс" гэсэн хаягийн дор тавьчихсан байж билээ. "Гахай" гэнгүүт л гахайн аж ахуй фермийн тухай ном байна гэж бодсон бололтой. Хөөрхий дөө. Ийм л байна даа.

Дан монголчуудын эрэлхэг зоргийн дор хийсэн, эрх чөлөөгөө олж авсан, тусгаар улсаа тогтоон зарласан, цаанаа өөр бодолтой ч гэсэн басчиг Оросын цагаан хаанаас дэмжлэг тусламж авч чадсан үндэсний энэхүү алдарт хувьсгалын ойн өдрөө "ЁОЛК" хэмээгчээс урагшлуулж тэмдэглэмээр байнаа. Энэ хязгааргүй их бялуун дунд, түс түс дэлбэрэх оргилуун дарс, энэ их хязгааргүй ёслолын буудлага дунд, энэ их цагаан вальс, цадиггүй их цэнгэлийн дунд бүдгэрүүлж будангуйруулж орхимооргүй байна.

 

До.Цэнджав