Өнгөрөгч оны эхээр Умард Солонгосын харвасан тив алгасах баллистик пуужин 240 мянган хүн амтай хотод унаж дэлбэрсэн гэж АНУ-ын засгийн газрын эх сурвалжууд Токио хотод төвтэй “The Diplomat” онлайн сэтгүүлд мэдэгджээ. АНУ-ын холбогдох албаны хүмүүс хиймэл дагуулаас авсан зургуудад дүн шинжилгээ хийсний дүнд туршилт амжилтгүй болж, пуужин дэлбэрсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

2017 оны дөрөвдүгээр сарын 28-нд Умард Солонгосын харвасан “Хвасон-12” пуужин Өмнөд Пёнань аймгийнх нь 240 мянган хүн амтай Токчон хотын хүн ам сийрэг суурьшсан хэсэгт унаж дэлбэрсний улмаас "эд материалын багагүй хохирол” учирчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр шатны хөдөлгүүрүүд нь ажиллахгүй болсны улмаас тус пуужин нь харваснаас хэдхэн минутын дараа буюу 70  гаруй км зам туулаад дэлбэрсэн гэнэ.

"Ажлын бус цагаар туршилтыг хийсэн учир энэ ослын улмаас хүн амиа алдсан бол цөөн тооны л хүн амиа алдсан байж магадгүй. Хэрвээ пуужингийн нислэгийн зам ялимгүй өөрчлөгдсөн л бол олон хүн амиа алдаж болзошгүй байсан" гэж АНУ-ын холбогдох албаны хүмүүс хэлжээ.

Умард Солонгос өнгөрөгч 2017 онд 20 удаа баллистик пуужин харвасны хоёрыг нь Японы газар нутгийг давуулан Номхон далай руу харвасан юм.

Японы газар нутгийг давуулан харвасан хоёр пуужинг дээрх ослоос хойш харвасан байна. Хэрвээ эдгээр туршилт нь амжилтгүй болсон бол пуужингууд нийслэл Токио эсвэл Осака хотын дээрээс ч унаж дэлбэрч болзошгүй байлаа гэж Японы шинжээчид хэлэв.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ АНУ-д хандан “Цөмийн зэвсгийн товчлуур ширээн дээр минь байна. Дарахад хэзээд бэлэн” гэж анхааруулсан юм. Мөн тэрбээр “Бид цөмийн гүрэн болох зорилтдоо 2017 онд хүрсэн. Одоо бид цөмийн цэнэгт хошууг илүү олноор нь үйлдвэрлэх хэрэгтэй байна” гэсэн билээ.

Үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан мэдэгдэл хийхдээ “Надад чинийхээс ч том цөмийн зэвсгийн товчлуур бий” гэж мэдэгдсэн юм.

 

 

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг