Найруулагч Б.Үйзэнмаа “Над руу ингэж битгий хар” киногоороо Германы “Бавар”-ийн кино наадмаас шинэ, залуу, шилдэг найруулагчийн шагнал хүртсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тэрээр энэ киног найруулсан төдийгүй гол дүрд нь тоглосон билээ.

Б.Үйзэнмаа 2004-2006 онд Франкфуртын ойролцоох Майнз хотын их сургуульд франц хэл, түүх судалж, дараагаар нь Германы алдарт Мюнхений “Телевиз, кино урлагийн их сургууль”-д суралцсан байдаг. Өдгөө тэрээр Герман улсад ажиллаж, амьдарч байна.

Түүнтэй бид “Над руу ингэж битгий хар” киноны талаар цөөн хором ярилцлаа.

-ТАМ БОЛ БУСАД ХҮМҮҮС, ТИЙМЭЭС ГАРАХ ГАРЦГҮЙ-

Юуны өмнө танд баяр хүргэе. Таныг энэ киногоороо өмнө нь хоёр ч удаа шагнал хүртсэн гэж сонссон?

Бид 2015 онд Мюнхений олон улсын кино фестивальд оролцож, “Олон улсын кино шүүмжлэгчдийн холбоо”-ны нэрэмжит FIPRESCI шагнал хүртсэн. Дараа нь Испанийн Таррагона хотод болсон “REC” олон улсын кино наадмаас “Онцгой санаа” шагнал хүртэж байлаа. Мөн нэмээд “Бавар”-ийн кино наадмаас “Шилдэг залуу найруулагч” шагнал хүртлээ.

Кинонд хамтарч ажилласан уран бүтээлчдээ танилцуулна уу?

Киног бүтээхэд зураглаачаар Sven Zellner ажиллаж, Ивагийн дүрд Catrina Stemmer, өвөөгийн дүрд Sepp Bierbichler нар тоглосон. Катрина бол мэргэжлийн жүжигчин биш, харин  Sepp бол Герман улсын алдартай жүжигчдийн нэг юм.

Таны хэлэхийг хүссэн гол санаа юу вэ? Магадгүй хүн байх тухай философийн утга уу?

Хүмүүс нийгэмд ямар зан араншин гаргаж байгаа нь миний сонирхлыг маш их татдаг гэж хэлж болно. Тэд өөрийгөө бусадтай харьцуулах дуртай, маш атаархуу, бусдад жөтөөрхдөг. Гэхдээ тэд өөрсдийгөө хэзээ ч үнэнчээр шүүж чаддаггүй. Өөрийнхөө сул талыг харж, өөрийн ур чадварыг бодитоор үнэлж чадахгүй. Ж.П.Сартр “Там бол бусад хүмүүс. Тиймээс гарах гарцгүй” гэж хэлсэн байдаг. Би үүнийг хүмүүсээс асуухыг хүсч байна.

XXI зууны эмэгтэйчүүд өөрчлөгдөж байна уу? Эсвэл таныхаар эмэгтэйчүүд үргэлж л ийм байсан уу?

Мэдээж, эмэгтэйчүүд өөрчлөгдөж байна. Бид өөрчлөгдөх ч хэрэгтэй. Олон мянган жилийн турш эмэгтэйчүүд эрчүүдийн нөлөөн дор байсаар ирсэн гэдгийг бид мэднэ. Орчин үеийн эмэгтэйчүүд хэрхэн хувирч өөрчлөгдөж байгаа талаар, түүний шалтгаан үр дагаврын талаар би сонирхож байгаа. Эмэгтэйчүүдийн жинхэнэ төрхийг судлах нь маш сонирхолтой. Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд эрчүүдэд зориулж жүжиглэж байна. Энэ нь зарим талаараа жоохон уйтгартай л даа. Харин эрчүүд болон эмэгтэйчүүдэд нийтлэг үүрэг гэж бий. Тухайлбал, сексийн хувьд эмэгтэй хүн өөрөө таашаал авахгүй бол эр хүнийг дур тавих хүртэл жүжиглэх ёсгүй. Яагаад гэвэл эмэгтэй хүн эрэгтэй хүнд үйлчлэх албагүй. Эмэгтэй хүн ч гэсэн таашаал авах хэрэгтэй. Хэрэв тийм байж чадахгүй бол тэр залуу хэтэрхий залхуу хандаж байна гэсэн үг шүү дээ. Яг ийм зүйлээс л үл ойлголцол зөрчил үүсч байгаа юм.

Зарим үзэгчид кино зохиолыг магадгүй таны бодит амьдрал хэмээн бодоцгоож байна. Та өөрийн амьдралын хэсгээс кинондоо ашигласан уу?

Хүмүүс яагаад ингэж боддог юм бэ? Энэ тийм чухал гэж үү? Энэ бол “Над руу ингэж битгий хар” нэртэй кино зохиол. Эсвэл тэд намайг эмэгтэй болохоор тэгж бодож байгаа юм уу? Эмэгтэй найруулагчид зөвхөн өөрсдийн амьдралаар л кино хийдэг юм уу? Ер нь хүмүүс үүнийг хэрхэн хүлээж авахаас би огт санаа зовохгүй байна. Тэд хэн нэгнийг хайрцаглах гэж оролдож байгаагаа эхлээд зогсоох хэрэгтэй. Би номоо бидний амьдарч буй капиталист нийгмээс санаа авч бичсэн. Чи энэ нийгмийг зүгээр л харах хэрэгтэй, тэгээд чи зохиолынхоо түүхийг олох болно. Миний хувийн амьдрал бол миний л хувийн амьдрал. Магадгүй зарим хүмүүс энэ киног миний амьдрал гэж бодож байгаа бол хамаагүй, үргэлжлүүлэн тэгж бодож болно. Би тэдний бодлыг зогсоох гэж оролдохгүй.

-БАЙГАА ЗҮЙЛИЙНХЭЭ ГОО ЗҮЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ ХАРУУЛАХЫГ ХҮССЭН- 

Та өөрийн киногоороо дамжуулан хүмүүст юу хэлэхийг хүссэн бэ? 

Миний юу хэлэхийг хүсэх тийм ч чухал биш. Магадгүй тэдэнд кино таагүй, түгшүүр мэдрүүлэх ч нүдээ салгаж чадахгүй. Учир нь кино өөрөө бид бүхний хувьд маш чухал сэдвийг хүүрнэдэг. Хэрвээ та илүү зугаатай, хөнгөхөн кино үзэхийг хүсч байвал театраас яваад өөр кино үзэж болно. Гэвч энэ кино чамайг хүссэн хүсээгүй зарим зүйлсийн тухай гүн бодол руу түлхэх учиртай. Үүнийг би киноныхоо хамгийн сайн нөлөө гэж хэлнэ. Кино үзэх үедээ би хачин, үл таних мэдрэмж мэдрэх дуртай. Учир нь ийм мэдрэмж үнэн, шударга байдаг… Шударга зүйлс манай дэлхий дээр ховорхон шүү дээ.

Энэ артхаус кино гэж та бодож байна уу? Бүх зүйл маш энгийн ч түүх нь маш сонирхолтой гэж гадныхэвллүүдээрбичсэн байсан?  

Энгийн, энгийн гэж юу вэ? Би хэзээ ч энгийн өнгө гэж сонсож байгаагүй юм байна. Артхаус, артхаусгүй… Надад хамаагүй ээ. Хайрцган дотроо боддог зүйлд би дургүй. Кино бол кино. Чамд классик ном байсан уу, өөр төрлийн ном байсан уу гэдэг нь хэнд ч хамаагүй. За яахав, би чамд хэрхэн энэ номоо бичсэн тухайгаа хэлье. Харилцан яриануудыг бид кино зураг авч байхад шууд “импровизац”-аараа хийсэн. Бүтээл маань “амьд”, гайхалтай үнэн байгаасай гэж би хүссэн. Учир нь бид камерын өмнө 50, 60-аад оны үеийн итали, францчууд шиг байх гэж оролдоогүй. (Nouvelle Vague, Neorealism) Миний хувьд кинондоо байж болох хамгийн сайнаараа тоглосон. Үүнийг хангалттай гэдгийг ч би мэдэж байсан. Харин манай кинонд байсан цор ганц мэргэжлийн жүжигчин бол Ёосэф Бийрбихлэр. Тэр Германд маш алдартай жүжигчин. Маш хүчтэй дүр шүү дээ. Түүнийг бидэнтэй нэгдсэнд маш их баяртай байгаа. Киноны зураглаачаар ажилласан Свэн Зэлнэрийн хувьд байгалийн гэрэлд Алекса камераар зургаа авсан. Учир нь бид байгаа зүйлийнхээ гоо зүйг тэр чигээр нь, шударга харуулахыг хүссэн. Энэ нь илүү үзэсгэлэнтэй байдаг. Хэдийгээр манай баг маш цөөхөн хүнтэй байсан ч бид маш том цар хүрээтэй зураг авалтуудыг хэт их хүч хаялгүй хийж байсан. Яг юу хэрэгтэй түүнийгээ авч чадаж байна гэдэг маш гайхалтай шүү.

Кинонд секс үзэгдэл гардаг. Нүцгэлэх болон секс хэсгүүдийг Монголд маш зоригтой шийдэл гэж үздэг. Кинондоо яагаад түүнийг ашиглах болсон талаараа ярихгүй юу?

Кино бүтээгчид яагаад кинондоо дээрмийн үзэгдэл, бүжиглэж буй хэсгүүдийг оруулдаг юм? Яагаад болохгүй гэж? Дээрмийн хэрэг, клубт болж буй бүжиг гээд бүгд яг л сексийн адил амьдралын л нэг хэсэг. Секс яагаад хориотой гэж? Яагаад кинонд сексийг харуулах нь зориг гэж?

Киноныхоо эхлэлийг Монголд хийх болсон талаараа ярихгүй юу?

Монгол учраас. Энэ бол миний төрсөн газар. Мөн өөр өөр соёл иргэншилтэй хоёр ертөнцөд өсч торнисон маш олон хүний амьдралыг харуулахыг хүссэн.

Урлаг шүүмжлэгчдээс шүүмж сонссон уу?

Тийм ээ, сонссон. Миний киног маш олон хүн үзэж, хүлээн зөвшөөрсөнд би маш их баяртай байгаа. Харин одоо бид киногоо Улаанбаатарт үзүүлэх талаар ярилцаж байна. Энэ үеийг би тэсэн ядан хүлээж байна.

Та Монгол кинонуудыг үздэг үү? Сүүлд үзсэн киноныхоо талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

Монгол кинонууд нь кино хэлэндээ их хүчтэй байдаг гэдгийг би урьд нь харж байсан. Харин одоо энэ талаар дуулах болсон. Монголд гарч байгаа шинэ кинонуудын трэйллерийг үзэхэд техникийн гайхалтай ур чадварууд харагдаж байсан. Гэхдээ ихэнхи нь холливүүд хэв маягтай харагдсан.  Яагаад аль хэдийнэ хийгдчихсэн кинонуудыг ахин хийхийг хүсээд байгаа юм бэ? Цагийн гарз. Би Скорсезе болон Сержио Леонед хайртай, тэдгээр кинонуудыг үзэх дуртай. Гэхдээ би тиймэрхүү кинонууд хийхийг хүсэхгүй.  Ямар уйтгартай гээч? Учир нь ийм кино аль хэдийнэ хийгдчихсэн шүү дээ. Кино бүтээгчид өөрсдийн үл мэдэх ертөнц рүүгээ орж өөрсдийгөө олж нээх хэрэгтэй.

Таны ирээдүйн төлөвлөгөө?

Бүх дэлхий  даяар явж кино хийх. Энэ бол мөрөөдөл.

Дараагийн кино?

Бичиж байна

Эх сурвалж ур: http://bsvijin.blogspot.com/

Б.Сүйжин
Жич: Бид англи хэлэндээ хэн хэн нь тийм сайн биш ч ойлголцож болох хэл нь энэ л байв. Иймд бага зэрэг модон орчуулгатай болсонд хүлцэл өчье :) 

2016 он 3р сарын 17