Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн улс төрийн үзэл санааг дэмжигчдийг олшруулж, үгийг нь сонсох нэрээр цагаан сарын дараахь улс төрдөө бэлтгэж байх хооронд сошиал ертөнцөд түүний хөгжөөн дэмжигчид нэг нэгнээ элэглэж ч, элдэвлэж ч эхлэв. Энэ бол Ерөнхийлөгчийн иргэний нийгэм, хүний эрхийн бодлого хариуцсан зөвлөх Г.Уянга болон Ерөнхийлөгчийн Япон-Монголын хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч, сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж нарын сошиал хандлага. Ерөнхийдөө Монгол ялна “Би ялна”-уудаар жижигрэв. 


Иргэний нийгэм, хүний эрхийн бодлого хариуцсан зөвлөх Г.Уянга уг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй хийсэн уулзалтаас шуурхай мэдээлэл, олны сэтгэлийг хөдөлгөх онц сонин сэтгэгдлийг шуурхай дамжуулах үүрэг хүлээн ажиллаж буй бололтой юм. Тэрбээр энэ дагуудаа Ерөнхийлөгчийн Япон-Монголын хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадоржийн бие төлөөлөгчийн хувиар бус иргэн хүний хувиар хэлсэн, бүр зулай зулайгаа гишгэж төрсөн ахынхаа үйл хэргийг ч Ерөнхийлөгч Х.Баттулгад шүүмжилж хэлсэн үгийг нь олон нийтэд дэлгэсэн нь асуудал дэлгэв. Ингэхдээ Д.Дагвадоржийн “Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Дагвадорж: Хогны асуудал шийдүүлэхээр Японоос гурван удаа хүмүүс явуулсан. Анхаардаггүй хүмүүс нь дандаа Д.Сумьяабазарын цэргүүд. Ах дүү ч гэсэн хариуцлага ярих ёстой. Хамгийн бохир, их гэмт хэрэг гардаг. Иргэдийн хурлын есөн хүн дөрвөн сая, улирал болгонд 12 сая төгрөг авч байна. Нийлээд нэг цэцэрлэг барьж яагаад болдоггүй юм бэ” гэж хэлсэн үгийг нь дээр хэлсэнчлэн сошиалд дэлгэсэн хэрэг. 
Харамсалтай нь, Д.Дагвадорж үүнд эмзэглэж, сошиалаар Г.Уянга зөвлөх рүү элдэв үгээр дайрсан байх бөгөөд “Битгий хор гүйлгээд бай” хэмээн зандарсан байх юм. Түүнчлэн уг үгнийхээ өмнө бичсэн элдэв муу муухай үгээ хожим нь устгаж. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга ч өөрийн бичиж тэмдэглэсэн үгээ буюу Д.Дагвадоржийн уулзалтын үеэр хэлсэн үгийг цахим хуудаснаасаа устгаж, зөвхөн зургийг нь л үлдээсэн байх юм. Энэ бол бодит байдал дээр “Монгол ялна”-аа хөгжөөн дэмжигчид дор бүрнээ “Би чадна”-д хувирч, өөр зуураа нэг нэгнээ үл хүндлэх болсны илрэл юм. 
Угтаа бол энэ хоёр хүний гавьяаг Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн амжилтаас салгах аргагүй. Д.Дагвадорж нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Авлигатай тэмцэх газраас баривчлахтай зэрэгцэн “Монгол хүн байна даа. Ядарсан цагт нь өмгөөлж хамгаалдаг байх хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байсантайгаа адилхан Ерөнхийлөгч Х.Баттулгыг төмөр замын асуудлаар шалгагдаж эхлэхтэй нь зэрэгцэн хамт байсан. Харин Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгын тухайд Ерөнхийлөгч Х.Баттулгыг УИХ-ын сул гишүүн байх цаг үед нь Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг байгуулж, ерөнхийд нь Ерөнхийлөгчид нэр дэвших замыг нь засч эхэлсэн. Ингэхдээ тэдний хувьд Ардчилсан намаас нэр дэвших боломж олдохгүй бол гэдэг улс төрийн хөзөр барьж байсан гэдгийг тухайн үед улстөрчид ч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч олонтаа дэлгэсэн. Хэдийгээр “Тийм зүйл байхгүй. Холбоогүй” хэмээн мэдэгдэж байсан ч Ерөнхийлөгч Х.Баттулгын далбаан дор, дэмжлэг дор үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллөөс эхлээд нэр бүхий тамирчид хүртэл уг намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, намынх нь Их хурал дээр ерөөлийн үг харамгүй цацалж байсан нь саяхны үйл явдал. 
Ингэж улс төрийн нарийн, чинад тоглоомоор Д.Дагвадоржоос өмнө хамтран тоглож, ирээдүйгээ эхэлж харсан Г.Уянга гишүүний хувьд яг үнэндээ сумогийн их аваргаар чичлүүлээд байх хэмжээний жижигхэн улстөрч биш. Бүр тодорхой хэлбэл гар утасных нь жижигхэн дэлгэцэнд үлдсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн шууд дамжуулалтын бичлэгээс илүүтэй Г.Уянга зөвлөхөд эрт урьдын, урьдчилсан харсан хамтын ажиллагаа бий гэсэн үг. Харамсалтай, энэ удаад Д.Дагвадорж Г.Уянга зөвлөхөд ихэрхэж чадсан бололтой юм. Г.Уянга зөвлөх өөрийн уулзалтын тэмдэглэлээ устгаж, нэр төдий зургийг нь үлдээсэн байхыг бодоход шүү дээ. 
Иймд эндээс өлгөж авах ёстой, анхаарах ёстой нэг гол сэдэв бол Ерөнхийлөгч Х.Баттулгыг олон нийт дэмжихийн хэрээр, уулзалт тойрсон иргэдийн сэтгэгдэл бялууруулахын хэрээр дэргэдийн “Би чадна”-ууд нь зөрчилдөн тэмцэлдэх нь тодорхой боллоо. Харамсалтай нь, дарга ч, Ерөнхийлөгч ч ганц юм даа. Хэрэв олон байсансан бол тэд юунд ийн сошиалаар нэг нэгнээ санаатай, санаагүй эвгүй байдалд оруулах вэ дээ. 
Гол нь, энэ нь эргээд Хятадад өрнөсөн Соёлын хувьсгалын нэгэн адил ах нь дүүгээ, дүү нь ахыгаа, аав нь хүүгээ, ээж нь охиноо амьд үлдэхийн төлөө гүтгэн, гүжирдэн барьж өгдөг тийм эмгэнэлт түүх рүү эргэх бий вий дээ. Аль болох Хятадаас зугтахын хэрээр Хятадын алдааг л туршаад байх юм даа, тэд буюу Ерөнхийлөгчийн Монгол ялна уу, би чаднууд нь. Иргэн Б.Амарсанаагийн “Морь, нохой бар зэрэг монгол хүнд ээлтэй жилд сонгуулиа хийж байя. Луу жилд дэмий. УИХ-д олон эрлийз гарчихаад байна” гэж хэлсэнчлэн, түүнийг нь Г.Уянга зөвлөх сошиалд сурталчилсан шигээ хар, хардлагын байндаа өөрсдөө буух ч юм билүү хэн мэдлээ. Хорвоо бөөрөнхий гэж дуулаад байна цаана чинь.

Үндэсний шуудан сонин