БНХАУ-ын Монгол болон Оросоос импортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн онд  эрс нэмэгдсэн талаар “South China Morning Post” сонин мэдээлжээ. Цөмийн болон пуужингийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авсан нь БНХАУ-ыг Монгол болон Оросоос  нүүрс импортлоход хүргэсэн байна.

БНХАУ-ын өнгөрсөн онд Монголоос импортолсон нүүрсний хэмжээ  өнгөрсөн 2016 оныхоос 27.6 хувиар өсч 33.58 сая тоннд хүрсэн бол Оросоос импортолсон нүүрсний хэмжээ 36.3 хувиар өсөн 25.3 сая тоннд хүрчээ. Зөвхөн  өнгөрсөн арванхоёрдугаар сард л гэхэд тус улс 2.14 сая тонн нүүрс экспортлосон нь жилийн өмнөх мөн үеэс 16.2 хувь, өмнөх сараасаа 11.5 хувийн өсөлттэй байсан байна. Гэхдээ өнгөрсөн оны найм болон есдүгээр сард л Хятад Улс Хойд  Солонгосоос тодорхой хэмжээний нүүрс импортолжээ. Өнгөрсөн 2016 онд Хятад Улс Хойд  Солонгосоос 20 сая гаруй тонн нүүрс импортолсон байна. Өөрөөр хэлбэл, Хойд Солонгос нь Хятадад нийлүүлсэн нүүрснийхээ хэмжээгээр Австрали, Индонези болон Монголын араас буюу дөрөвдүгээрт бичигдэж байжээ.
Хятадын Нүүрсний холбооны шинжээч Чөн Гон “Хойд Солонгосын эзэлж байсан нүүрсний зах зээлийн орон зайг Орос, Монгол бөглөсөн” гэжээ.
2017 онд Хятад Улс Австралиас хамгийн их буюу 79.91 сая тонн нүүрс импортолсон байна. Энэ нь өмнөх оныхоос 13.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Австрали нь Хятад руу экспортолсон нүүрснийхээ хэмжээгээр зургаан жил дараалан тэргүүлсэн нь энэ юм. Харин Индонез Улсаас 2017 онд 35.28 сая тонн нүүрс нийлүүлсэн нь 2016 оны дүнгээс 9.7 хувь буурсан үзүүлэлт болжээ. Монгол болон Энэтхэгийн нүүрстэй  харьцуулахад агаар бохирдуулагч бодисууд, тухайлбал хүхрийн давхар исэл ялгарах нь бага, илчтэй, хөө тортог бага ялгаруулдаг Австралийн нүүрс нь “сайн чанарын түлш” гэгддэг.  .
http://www.scmp.com/news/china/policies-politics/article/2130556/chinas-coal-imports-russia-mongolia-surge-after-north

Үндэсний шуудан сонин