Намрын чуулган энэ сарын 9-нд буюу баасан гарагт завсарлана. Энэ удаагийн чуулганы хамгийн хамгийн тодотголыг товчхоноор хүргэе.

Чуулганы хугацаанд хамгийн их үг хэлсэн гишүүнээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тодорчээ. Асуудал бүрийг алгасалгүй үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэдэг түүнийг сүүлийн үед ангийнхан нь “чалчаа бор” гэж хочлох болсон. УИХ-ын гишүүдийг хуралдаа ирж, асуудалд ултай суурьтай ханддаг болох, бусдын кнопыг дардаггүй байх ёс зүйд хүртэл сургах ёстой талаар үргэлж сургаал айлдаж явдаг эрхэм түшээ маань ийнхүү хамгийн их үг хэлсэн гишүүнээр тодорсон байна. Түүний араас Г.Занданшатар, Ц.Нямдорж нар удаалжээ.

Харин хамгийн бага үг хэлсэн гишүүнээр Сү.Батболд тодорсон аж. Тэрбээр Б.Наранхүү гишүүнийг бодвол хуралдаа оролцдог ч амнаасаа тэр бүр авиа гаргаад байдаггүй нэгэн. Нэгэн үе Ерөнхий сайдаар ажиллаж явсан эрхэм түшээд хэлээд байх үг байдаггүй бололтой. Ядаж байхад яр гэгчээр хуралдаа үргэлж хоцорч ирэхийг нь яана. Тиймээс хоцролтын тэргүүн магнайд манлайлж явна билээ.

Мэдээж хамгийн ажилдаа ирдэггүй, хамгийн их таслалттай гишүүнээр Б.Наранхүүг гүйцэх хэн байх билээ. Ямартаа л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийн төлөө хэд хэдэн хуульч нэгдэн Үндсэн хуулийн Цэцийн босгыг өдөр шөнөгүй элээж суугаа. Эцэстээ тэмцлийн хэлбэр ч сонгож мэдэхээ мэдэгдсэн. Гэхдээ мань хүн ажилдаа ирэхгүй байгаагаа шалтгаанаа орон нутагт ажиллах гэх хөөрхөн үгээр хаацайлахаа мартахгүй ээ. Тиймдээ ч орон нутагт  тэр дундаа тойрогтоо хамгийн хайртай гишүүнээр Б.Наранхүүг тодорхойлсон байна билээ.

Эрхэм түшээгийн араас замнаж яваа эрхэм бол УИХ-ын гишүүн С.Жавхлан. Ажил хаялт зарлахаа мэдэгдэж, Төрийн ордны хаалгыг “саваад” гарсанаас хойш уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орсон байна билээ. Юутай ч тэрбээр улс төрийн ажлаа хойш тавьж, урлагийн салбартаа үнэнчээр зүтгэхээр сэтгэл шулуудсан бололтой юм.

Сав л хийвэл хилийн дээс алхаж, галуу шувууны мах их идсэн хүн бол Ч.Хүрэлбаатар. Сангийн авдрын түлхүүрийг атгаж суугаа хүний хувьд хилийн цаана хэлэлцэж, ярих зүйл их л байдаг бололтой юм. Наанадаж л Төрийн гурван өндөрлөгийн айлчлалд хэтэвч нь болж явдаг юм даг уу.

Нийгмийн шуудан сонин