Иргэд таксинд суугаад эд зүйлээ мартах тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл таксинд утсаа үлдээсэн бол, түүнийг нь жолооч цагдаад өгөөгүй хувьдаа завшсан бол хариуцлага хүлээдэг. Хүлээлгэж өгөөгүйн улмаас гэмт хэрэгтэн болж, ял авдаг болохыг бодит жишээгээр хүргэж байна.

Хэнтий аймаг дахь сум дундын шүүх өнгөрсөн сарын 30-ны өдөр нэгэн таксины жолоочид ял оноолоо. Таксины жолооч нь Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1998 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, ээж, дүүгийн хамт амьдардаг,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай нэгэн.

Тухайн залуу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Нэгдэлчин” зочид буудлын гадна таксигаар хүргүүлэхдээ гээгдүүлсэн иргэн Г.Б самсунг Жи-7 маркийн гар утсыг завшиж 372.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хохирогч буюу түүний таксигаар үйлчлүүлсэн бүсгүй “...2017.11.21-ний орой 21 цагийн гэрээсээ гарч яваад такси бариад явж байхдаа найз С-тай ярьсан. Би Нэгдэлчин зочид буудалд очоод таксины жолоочид мөнгийг нь өгөөд буусан. Машинаас буугаад утсаа авах гэтэл гар утас байхгүй байсан. Эргээд таксигаа зогсоох гэтэл яваад өгсөн. Би ямар дугаартай машинд сууснаа санахгүй байна. Жолоочийн зүс царайг хараагүй. Би шаргал өнгийн самсунг Жи-7 маркийн гар утас барьдаг” гэж мэдүүлсэн. Улмаар цагдаад хандаж энэ хэрэг илэрсэн.

Цагдаа ч сайн ажиллаж, гээгдүүлсэн утсыг нь олж, улмаар хэргийг прокурорт, шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хэлэлцээд хүүг буруутай гэж үзсэн. Улмаар Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч С.С 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсэн. Хэрвээ шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хугацаагаар тооцож хорих ялаар солихыг мөн анхааруулсан байна.

Өөрөөр хэлбэл та иргэний үүргээ биелүүлэхгүй бол төр нь таныг хатуу шийтгэнэ гэдгийг эндээс хрж болно.

Тиймээс иргэд таксинд эд зйлээ мартаж буусан бол цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Мөн таксины жолооч нар хүний мартсан эд зүйлийг цагдаагийнбайгууллагад хүлээлгэн өгч иргэний үүргээ биелүүлж болзошгүй эрсдлээс сэргийлэх шаардлагатайг сануулж байна.