Өвлийн олимпийн XXIII наадам хэдхэн цагийн дараа Өмнөд Солонгосын Пёнчан хотод эхлэх гэж байгаатай холбоотойгоор олимп зохион байгуулагч хот болон энэ олимпийн талаарх сонирхолтой баримтуудыг орчуулан хүргэж байна.

1994 оноос хойш олимп зохион байгуулж буй хамгийн жижиг хот

Пёнчан нь өвлийн олимп зохион байгуулж буй Өмнөд Солонгосын анхны хот бөгөөд 1994 оноос хойш олимп зохион байгуулж буй хамгийн жижиг хот болж байна. 1994 оны өвлийн олимпийн XVII наадмыг Норвегийн Лиллехаммер хот зохион байгуулсан юм.

Пёнчан хот нь 2002 оны өвлийн олимпийг зохион байгуулж байсан Америкийн Солт-Лейк-Сити хотоос дөрөв дахин цөөн буюу 43.7 мянган хүн амтай.

Пёнчан нь Германы Мюнхен, Францын Анси хотыг ялснаар олимп зохион байгуулах эрхийг авсан. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос 177 км зайтай, хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсээс 64 км зайтай орших энэ хотын газар нутгийн 84 хувь нь уулархаг газар.

Тус хотын хоёрдугаар сарын дундаж температур 1°C  байдаг бол шөнөдөө – 8-9°C  байдаг.

 

 

“Пёнчан-2018” өвлийн олимп

“Пёнчан-2018” өвлийн олимпод урьд урьдын олимпод оролцож байснаас илүү олон улс орнууд болоод тамирчид оролцоно. Тодруулбал, энэ олимпод 92 улс орны 2925 тамирчин, тэдгээрийн дотор Умард Солонгосын 22 тамирчин спортын 15 төрлөөр 102 багц медалийн төлөө өрсөлдөнө.

109 сая ам.долларын цэнгэлдэх хүрээлэн

Олимп зохион байгуулахад дэд бүтэц, тэр дундаа цэнгэлдэх хүрээлэн хамгийн чухал.

Пёнчан хот 35 мянган хүний суудалтай, орчин үеийн техник технологиор тоноглогдсон цэнгэлдэх хүрээлэн барихад 109 сая ам.доллар зарцуулжээ. Гэхдээ энэ цэнгэлдэх хүрээлэнг олимпийн нээлт, хаалтын ёслолыг хийхэд л зөвхөн ашиглах аж.

Өмнөд Солонгосын Засгийн газрын холбогдох албаны хүмүүсийн тооцоолсноор, энэ олимпийг зохион байгуулахад багагүй мөнгө буюу 13 тэрбум ам.доллар зарцуулжээ. Гэхдээ энэ нь түүхэн дэх хамгийн их зарлагатай олимптой харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм. 2014 оны Сочигийн өвлийн олимпийг зохион байгуулахад 5 тэрбум ам.доллар орно гэсэн тооцоог анх гаргасан ч сүүлд тооцоход 55 тэрбум ам.доллар зарцуулсан байжээ.

 

 

 

4. Хоёр Солонгосын эв нэгдэл

“Пёнчан-2018” бол гарал угсаа нэгтэй ч байнга зөрчилдсөөр ирсэн хоёр Солонгосын харилцааг дулааруулах нэгэн боломж гэж ажиглагчид үзэж байна.

Тус хоёр улс түүхэндээ анх удаагаа нэг туг далбаан дор өвлийн олимпийн наадамд оролцох гэж байна. Үүнээс өмнө тус хоёр улс 1991 онд болсон ширээний теннисний ДАШТ болон Залуучуудын хөл бөмбөгийн ДАШТ-д нэг туг далбаан дор оролцож байжээ.

Энэ олимпод тус хоёр улс мөн мөсөн хоккейн эмэгтэйчүүдийн хамтарсан баг оролцуулах гэж байгаа юм.

 

 

5. Хамгийн “халуухан” өвлийн олимп

“Пёнчан-2018” өвлийн олимп нь тамирчдад тараасан бэлгэвчнийхээ тоогоор түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна. Тодруулбал, тус олимпийг зохион байгуулах хорооноос тамирчдад 110 мянган бэлгэвч тараажээ. Энэ нь 2925 тамирчин тус бүр Пёнчаны олимп дуусах хүртэлх 16 хоногийн хугацаанд 37 удаа бэлгийн хавьталд ороход хангалттай хэмжээний бэлгэвч гэсэн үг.

 

 

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ агентлаг