Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбар дөчин хоёрхон насандаа биднийг орхин одохдоо асар их оюуны баялгийг үлдээж, туурвисан бүтээл нь одоог хүртэл биднийг уриалж ухааруулсаар байгаа билээ. Энэ хүн бол яалт ч үгүй эх орны бахархал юм.

Жинхэнэ яруу найрагч гэж эх орон, улс үндэстнийхээ төлөө цохилох зүрхтэй, уран бүтээлээ түүний төлөө зориулдаг, зориулахаар үл барам түүний төлөө тэмцдэг, тэмцэхээр үл барам гар бие оролцон хийж бүтээдэг нэгнийг хэлдэг.  Тэрээр амьд ахуй насандаа улс төрчдийн муу муухай, улс орны ирээдүйн бүрхэг байдлын талаар үнэн бөгөөд шударгаар дуугарч байсан цөөн хэдэн хүний нэг юм. 

- УИХ-ын гишүүн Батж.Батбаяр нэгэнтээ О.Дашбалбарыг "Чи энд сууснаас явж шүлгээ бичээд явбал дээргүй юу" гэсэнд "Чи энд сууснаас явж ноолуурын ченжээ хийсэн дээргүй юу" хэмээн амыг нь таглаж байв.

-1996 оны зун одоогийн УИХ-ын анхдугаар чуулган нээгдэж шинэхэн гишүүд тангараг өргөх ёслол болов. Энэ үед гишүүд нэг нэгээрээ төрийн далбаанд өвдөг сөгдөж, адис авч байхад О.Дашбалбар ганцаараа гурав залбирч мөргөөд суухад эвслийнхэн бүгд нирхийтэл инээлдэв. Дашбалбар хариуд нь (тайвнаар) : "Юу ч болоогүй байхад зөвхөн тэнэгүүд инээж, ухаантнууд уйтгарладаг юм. Инээлдэцгээ, инээлдэцгээ гэхэд бүгд таг чимээгүй болцгоож байв.

- О.Дашбалбарыг "Мөнххаан сумын харъяат Барьдад 2 сая төгрөгийн зээл авч өглөө" хэмээн УИХ-ын чуулганы хуралдаан дээр зэмлэхэд хариуд нь "Тархиа уландаа, тавхайгаа духандаа наасан луйварчид минь.Та нар зуу зуун саяар нь идэж байхад миний тойргийнхон яагаад зээл авч болдоггүй юм бэ. Та муусайнд бол улаан мөнгө ч өгүүлэхгүйн төлөө, ядарсан олондоо бол таван төгрөг олгохын төлөө би цаашид ч тэмцэнэ" гэж уурсаж байв.

- Тэрбээр "Чингисийн үрс бид хэтэрхий арчаагүй амьдарч байна. Улс маань жижгэрч, ард түмэн маань цөөрч, өвөр зуураа тэмцэлдсээр ахуйд харийнхан нутаг усанд минь шунаж, элдэв башир аргаар үндэсний баялгийг минь тонож, үгүйрүүлж хоосорсон ард түмнийг минь боолчлох бэлтгэл хийж байна" хэмээн хэлсэн удаатай. Үнэхээр ч энэ үг нь өнөө цагт биелэлээ олж байна уу даа гэмээр... 

Өвөг дээдсийн минь өлмий дор дэлхий навталзаж, өрнө дорногүй чичирч байсан тэр цагийг эргэн дурсагтун.
Огтор илд нь өрнийн салхийг сэнсрүүлж
Омогт дээдэс минь дорнын морьдоор довтолсон
Хангал хүлгийн хатуу туурайгаар
Хагас орчлонг бөмбөрдөж явсан
Мөхөшгүй дээдэс минь Төв Азийн зулайд
Мөнх тэнгэрийн заррлигийг сэтмээрээ сийлсэн
Мохошгүй өвгөд минь хан хорвоогийн магнайд
Монгол төрийн очир тамгыг дарж орхисон
Та бидний өвөг дээдэс
Тарни мэт хэлдэг үг Монгол
Та бидний хойч үеийнхэн
Тангараг мэт давтах үг Монгол

www.Dorgio.mn