Сүүлийн үед сошиалаар хамгийн их танил болоод буй уран бүтээлч бол "17+цуврал"-ын залуу жүжигчин У.Цогтбаяр юм. Тэрбээр КУДС-ыг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд оюутан байхдаа нэлээд хэдэн кино зураг авалтын олны хэсэгт орж байсан ч төдийлөн амжилт олоогүй гэнэ. 

Тэрбээр оюутан байхад дуучин Нарагийн гол дүрд тоглосон "Цахирмаа" киноны олны хэсэгт орох завшаан олджээ. Гэхдээ түүнд оноосон дүр нь зомби аж. Тэр ч дүрдээ сайн хувиран зомби нарын гол дүрийг авчээ. Харин кино дэлгэцнээ гарахад түүнийг хэн ч таниагүй гэнэ. Учир нь нүүр будалт хэт их хийсэн учир Цогтоо гэдгийг хэн таних уу дээ. Энэ мэтээр түүний хувьд оюутан ахуй насандаа олны хэсэгт хэд хэд тоглосон ч заримдаа нөгөө тоглосон хэсэг нь хасагдсан гэх мэтээр одоо бодоход хөгжилтэй тохиолдолууд их байжээ. 

Тэгвэл энэ удаад түүний хувьд "Параллель ертөнц" кинонд сүнсний дүр бүтээн анх удаагаа гол дүрийн эзэн болжээ. Энэ сарын 30-нд нээлтээ хийх инээдмийн киногоо дэлгэцнээ гарахыг тэсэн ядан хүлээж байгаа аж. 

Сонирхуулж хэлэхэд 10 жилээсээ хойш өдийг хүртэл хамт яваа залуу жүжигчид энэ кинонд мөн хамтран тогложээ. Жүжигчин Э.Одбаяр ч мөн шинэ гарч ирж буй чадварлаг залуу уран бүтээлч билээ. Тэрбээр мөн Цогтоотой 10 жилийн найз бөгөөд тэд хамтдаа КУДС-ийг хамт төгсөн одоо ийнхүү нэг уран бүтээлд хамтран тоглож байгаа аж. Мөн Цогтоогийн бүтэлгүйтсэн дүртэй хамт байсан бөгөөд Одбаяр ч "Цахирмаа" киноны олонд танигдаагүй зомби байсан гэнэ.