Насаараа хүний дарамт, айлган сүрдүүлгээс зугтаж амьдран, аж төрнө гэдэг үнэхээр аймшигтай. Зарим нэг монголчуудын овиргон зан бусдыг шашин шүтлэг, нас хүйс, баян ядуугаар нь ялгаварлан гадуурхах үзэгдэл өнөөгийн нийгмийн гаж илэрхийлэл болоод байна.

Чингисийн монгол гэж худлаа цээжээ дэлдсэн зарим залуучууд нэгдэн Монгол гэх нэрийг барьж бусдыг доромжилж, зодож, танхайрч байгаа хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрч, энэ нийгэмд жирийн иргэн амьдрах аргагүй, амьд явах баталгаагүй байдал газар авч байна. Энэ талаар бид дараах сурвалжилгаараа иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулах гэсэн юм. Нэлээд хэдэн жилийн өмнө 2013 оны таван сард нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Туяа түүний нөхөр Эрдэнэцогт нар тухайн үед Есүсийн сүмд ажиллаж, Библийн сургаалыг хүмүүст таниулан, ойлгуулдаг байжээ. Манай улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжиж, 1992 онд Анхдугаар Үндсэн хуулиа баталсан байдаг. Энэхүү үндсэн хуулиар иргэн шашин шүтэх, эс шүтэх эрхийг нь бүрэн олгосон байдаг. Гэтэл Эрдэнэцогтын гэр бүлийг харийн шашин шүтэж, бусдад түгээсэн гэх шалтгаанаар бүлэг залуучууд нийлэн зодож, амь насанд нь заналхийлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Есүсийн сүмээс танилцуулгаа аваад гарч явсан Эрдэнэцогт, Туяа нарыг өөрсдийгөө “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн гэж тодорхойлсон дөрвөн залуу тус сүмийн ойролцоох автобусны буудлын ард зодож, танхайрсан байна. Бүлэг залуучууд нийлж гэр бүлийн хоёр хүнийг хэрцгийгээр зодож байхад ойр орчим байсан хүмүүс туслах нь битгий хэл харийн шашин сурталчлах нь буруу гэж ярьцгааж байжээ. Улмаар нэгэн настай эмэгтэй цагдаад дуудлага өгч танхай этгээдүүдийг албаныхан баривчлан авч явснаар Д.Эрдэнэцогтын гэр бүл амь гарчээ. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Баянбүрдийн тойргийн ойролцоо орших “Үүрдийн гэгээ” сүмийн үйл ажиллагааг сурталчилж явсан хоёр эмэгтэй дээрх этгээдүүдийн заналхийлэлд өртөж, хүнд гэмтэж, бэртсэн гэх мэтээр халдлага гарсаар буй юм. Дээрх халдлага хийсэн этгээдүүдэд хуулийн дагуу зохих ял шийтгэл хүлээлгэсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Гэвч гэмт этгээдүүд шийтгэлээ эдэлж гарч ирээд дахин Д.Эрдэнэцогтын гэр бүлийг эрэн хайсан байна. Улмаар гэрийн хаягийг нь олж, настай эцэг, эх дээр нь очиж дахин танхайрсан ажээ. Гэмт этгээдүүд “Хүүхдүүд чинь хаана байна. Бид ял авсныхаа горыг хүүхдүүдээс чинь заавал авна. Амьдарч байгаа хаягийг нь зааж өг” гэж настай хүмүүсийг айлган сүрдүүлж танхайрчээ. Ийн Д.Эрдэнэцогтын эцэг, эхийг нь удаа дараа сүрдүүлж, дарамталсан гэнэ. Бусдын дарамтад удаа дараа орсон ахмадууд сүүлдээ зүрх нь өвдөж, бие нь эрс муудсан байна. Энэхүү айлган сүрдүүлгийг Д.Эрдэнэцогтын эцэг, эх нь дүүргийнхээ цагдаагийн газарт мэдэгдэж, арга хэмжээ авахуулжээ. Энэ талаар тус дүүргийн цагдаагийн газраас тодруулж, Д.Эрдэнэцогтын эцэг, эхтэй нь бид холбогдсон юм.

Бусдад зодуулж, гэр бүлээрээ дарамт, сүрдүүлэгт орсон Д.Эрдэнэцогтын эцэг Дэлгэрэх, эх Уртнасан нараас хэрэг явдлын талаар дараах тодруулгыг авлаа.


-Яг юу болсон талаар тодруулахгүй юу?

-Манай хүү Д.Эрдэнэцогт, бэр Д.Туяа нар Есүсийн сүмд ажилладаг байсан. Гэтэл 2003 онд манай хоёр хүүхдийг сүмээс гарч явахад нь гэнэтхэн хэдэн залуучууд хүрч ирээд “Муу нохойнууд минь уламжлалт шашин чинь буддын шашин. Та муу хоёр харийн шашин шүтэж, бусдад түгээдэг хэн юм” гэж хэлээд хүүг маань зодож, бэрийг маань хутгаар бүлж ална гэж хөөгөөд, гарыг нь хүнд шархдуулсан. Хоёр хүүхэд маань бусдын гарт хэрцгийгээр зодуулсны улмаас их цус алдсан. Ингээд орой нь бүх бие нь нил цус, нөж болсон хүмүүс гэртээ ирсэн. Хөгшин бид хоёр хүүхдээ хараад айсандаа ухаан алдсан. Ингээд хоёр хүүхдээ эмнэлэгт хүргэж, эмчлүүлсэн юм.

-Хоёр хүүхдэд чинь халдсан гэмт этгээдүүдэд ямар хариуцлага хүлээлгэсэн бол?

-Хэрэг явдал болсны дараа цагдаагийнхан тэрхүү этгээдүүдэд зохих ялыг нь оноосон гэсэн. Гэвч тэр этгээдүүд хэдэн жилийн дараа шоронгоос гарч ирээд дахин дээрх шалтгаанаар буцаад шоронд орсон гэж сонссон. Ер нь манай улсад иймэрхүү олон бүлэглэл байдаг юм байна лээ. “Босоо хөх монгол”, “Хөх Монгол” гэх бүлэглэлүүдээс айж байна.

-Танай хүүхдүүдийг зодож, танхайрсан этгээдүүд дахин ийм хэрэг хийгээд шоронд орсон гэв үү?

-Тийм ээ. Хоёр дахь удаагаа шоронд орж, өнгөрсөн жил суллагдсан байна лээ. Тэр этгээдүүд шоронгоос гарч ирсэн цагаас эхлээд хөгшин бид хоёрыг удаа дараа ирж, айлган сүрдүүлсэн. Ирэх болгондоо хүүхдүүдийг чинь болоод та нарыг бүгдийг нь ална гэж айлгадаг. Бид тэр этгээдүүдийг өнөө маргаашгүй гэрийн хаалга өшиглөөд ороод ирэх вий гэсэн түгшүүртэй амьдарч байна. Гэвч хүүхдүүд маань харийн оронд амгалан тайван амьдарч байгаад нь сэтгэл жоохон уужрах юм. Үртэй хүн үрээ л бодно шүү дээ. Хүүхдүүд маань л амар тайван, аюулгүй амьдарч байвал хөгшин бид хоёр яах вэ.

-Энэхүү этгээдүүдийг хуулиар шийтгээд ч засрахгүй бол цаашид яах ёстой юм бол?

-Хүүхдүүд минь сайхан Америк оронд өөрийн дуртай шашинаа шүтээд, амар тайван амьдарч байгаад санаа амар байна. Гэвч бидний хүүхдүүдийн адил шашин шүтэж, гадуурхагдсан хүмүүс энэ бүлэг этгээдүүдийн хараанд өртөж, амь нас нь баталгаагүй амьдарч байна. Тэр этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгээд шоронд суулгалаа л гэдэг. Удалгүй суллагдаад явж байна л гэж дуулддаг. Тэгээд л буцаад бусдыг хүчирхийлнэ. Одоо бол сул чөлөөтэй байгаа гэсэн. Эд нар ганц хоёр хүн биш. Олон бүлэглэлийн олон хүмүүс. Энэ этгээдүүд цахим сүлжээгээр ч хүмүүсийг амар тайван байлгадаггүй гэсэн гэв.

Манай улсад энэ мэтээр өөр орны шашин шүтсэн хүмүүсийг өөр шашинтай гэх шалтгаанаар харийн шашинтай тэмцэх үйл ажиллагаа ихээр явагдаж, иргэдийг дарамталж байна. Иймд өөр шашны урсгалд орсон хүмүүс элдэв халдлагад өөрсдөө болоод хамаатан саднаа өртүүлэхгүй байхад анхаарах нь чухал болоод байна.

Монгол гэж худлаа цээжээ дэлдсэн бүлэг этгээдүүд бусдын амар тайван амьдрах эрхэнд ноцтойгоор халдаж байна. Иймд иргэддээ сонор сэрэмтэй байхыг анхааруулж дээрх сурвалжилгаараа бэлтгэн хүргэлээ.

Э.МӨНХ