Тулааны спортын “One championship” холбооноос өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын хүнд жингийн тулаанч Т.Ариунболдтой гэрээ хийснээ албан ёсоор зарласан юм.

Тулаанч Т.Ариунболдын Октагон дахь анхны тулаан энэ сарын 24-нд Тайландын Бангкок хотноо болох товыг зарлаад байгаа.Т.Ариунболдын өрсөлдөгч нь нь Хонконгийн нэр дээрээс тулалдаж буй "Ирвэс" хочит Алайн Нгалани юм. Энэхүү тулаанд хүчээ сорих тамирчдын талаар сонирхуулж байна.

Төр-Очирын Ариунболдын хоч нь “Монгол Ирвэс”, Биеийн өндөр: 187 см, Жин: 98 кг. Монгол Улсын Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1989 оны дөрөвдүгээр сарын 26 төрсөн, 28 настай. Тэрбээр мэргэжлийн дэвжээнд 4 ялж 1 ялагдсан.

Байршил: Улаанбаатар Амжилт: 4 хожлын 2 нь хүнд цохилт, 1 хожигдол Клуб: Ирвэс клуб, Дасгалжуулагч: Буянгийн Ганбат, Түүний тулааны арга барил: Карате, бокс

Төр-Очирын Ариунболд нь ахлах сургуулиа төгсөөд цагдаагийн тусгай тасагт элсч, тулааны урлагаар хичээллэж эхэлсэн байна. Тэрбээр анх 2009 оноос хойш киокушинкай каратегаар хичээллэж эхэлсэн бөгөөд киокушинкай каратегийн хар бүстэй. Киокушинкай карате, тулааны самбо бөхийн төрлөөр улсын аварга болсон туршлагатай тамирчин юм. Монголын тулааны ертөнцөд ноёрхож эхэлснийхээ дараа холимог тулааны спортоор хичээллэж эхэлжээ.

Холимог тулааны дэвжээнд 5 тулаан хийж 4 ялалт байгуулсан бөгөөд хоёр өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан. Мөн Монгол Улсын холимог тулааны хамгийн том тэмцээн болох MGL-1 тэмцээнд оролцож хүнд жингийн аварга болж байжээ. Улмаар дэлхийн тавцанд, One Championship - ийн дэвжээнд тулалдах эрхээ олж авсан байна. Улсын аварга цолоо дэлхийн аварга болгох зорилготой тамирчин юм. Тиймээс Ариунболд энэхүү тулаанд зориулж боксын бэлтгэлийг эрчимтэй хийж байгаа. Нгаланиг хүчтэй өрсөлдөгч гэдгийг мэдэх бөгөөд тамирчны хувьд ч түүнийг хүндэтгэж байдгаа илэрхийлсэн юм.

Гадаадад анхны тулаанаа хийх гэж буй түүний өрсөлдөгч Нгалани өөрөөс нь туршлага, жингээр их. Мөн боксын рингэн дээр болон октагонд тулалдаж байсан туршлагаараа илүү юм. Ариунболд өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ тулаан олны анхаарлыг татаж, 2018 оны хамгийн онцлох тулаануудын нэг байх болно гэж мэдэгдээд байгаа юм. Т.Ариунболдын талаар сонирхуулахад, Амжилт: MGL 1 хүнд жингийн аварга, Киокушинкай каратегийн хар бүс, Тулааны самбо бөхийн мастер, улсын аварга

Давуу тал: Залуу, өрсөлдөгч нь түүнээс 14 насаар ах, Өрсөлдөгчөөсөө 7 см өндөр, 2 удаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан, тэсвэртэй, Киокушинкай каратегаар хичээллэж байсан учир оновчтой, хүчтэй өшиглөлттэй

Сул тал: Түүний өрсөлдөгч нь 7 кг хүнд, Зайнаас тулалдахыг илүүд үздэг. Цагдаагийн хэлтэст ажилладаг бөгөөд хуулийн сургуульд суралцаж байгаа. Сагсан бөмбөг тоглох, загасчлах дуртай.

Т.Ариунболдын өрсөлдөгч Алайн Нгаланигийн хоч нь Ирвэс, биеийн өндөр нь 180 см, жин 105 кг, нас 42, төрсөн газар: Камерун улс, Байршил: Хонконг, Мэргэжлийн дэвжээнд  4 ялж, 4 ялагдсан.

Амжилт: 4 хожлын 4 нь хүнд цохилт, 4 хожигдлын 3 нь хүнд цохилт. Клуб: ММЭ Родригез, Импакт Академи, Дасгалжуулагч: Жэймс Нгалани, Лэандро. Түүний тулааны арга барил: жүдо, карате, бокс юм.

Алайн Нгалани нь Камерун улсад төрсөн. Гудамжны хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан учраас ээж нь 6 настайд нь түүнийг жүдо бөхөөр хичээллүүлж эхэлжээ. Жүдо бөхөөр амжилттай хичээллэж, улсдаа төдийгүй тивдээ өндөр амжилт үзүүлсэн байна. Өсвөр насандаа карате, муай тай бокс, кикбокс зэрэг тулааны спортоор хичээллэж эхэлжээ. Нгалани эрчимжүүлсэн бэлтгэл сургуулилтын тусламжтай бие бялдраа өндөр түвшинд өв тэгш хөгжүүлж чадсан тамирчин юм.

Тэрбээр 1998 онд Африк тивийн хүнд жингийн боксын аварга болсон бөгөөд 2001 онд Хонконг руу нүүх хүртлээ Африк тивийн хүнд жингийн аварга хэмээх цолоо хадгалсан байна. 2002 онд Муай тай боксын хүнд жингийн дэлхийн аварга болж,  түүнээс хойш нийтдээ дөрвөн удаа Муай Тай болон Кикбоксын дэлхийн аварга болсон байна. Ирвэс хочит Нгалани өөрийн хурд, тэсрэлт, хүнд цохилтоороо алдартай. Тэрбээр ихэвчлэн эхний үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авдаг бөгөөд түүний цохилтууд “One Championship”-ийн онцлох агшинд багтдаг уламжлалтай болсон. Хүнд жингийн дэлхийн аваргын цомыг хамгаалагч Хидэки Сэкинэг 11 секундэд хүнд цохилтоор буулган авч шуугиан тарьсан удаатай. Нгалани сүүлийн тулаанаа хоёр дивизоны аварга Аунг Ла Н Сангийн эсрэг хийж ялагдал амссан. 

Ариунболдын эсрэг хийх тулаанд зориулж тэрээр барилдааны бэлтгэл түлхүү хийж байгаа ажээ. Мөн хамгаалалтан дээр онцгой анхаарч байгаа юм. Тэрээр Ариунболдыг эхний үе дээр хүнд цохилтоор буулгаж авна гэж мэдэгдээд байна. Нгалани-гийн талаар товч сонрхуулахад,

Амжилт: 4 удаагийн Муай Тай, Кикбоксын хүнд жингийн дэлхийн аварга, Киокушинкай, Шотокан каратегийн хар бүстэй, Кошики каратегийн 2-р зэргийн хар бүстэй, Кикбоксын дэвжээн дээр 25-7-1 гэсэн амжилт үзүүлсэн. Үүний 23-ийг хүнд цохилтоор ялсан. “One Championship”-т 9 дэх тулаанаа хийх гэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 4 :4 гэсэн амжилт үзүүлээд байна

Давуу тал: Хүчтэй цохилттой бөгөөд гурван удаа хүнд цохилтоор ялалт байгуулахдаа нийт 1:51 секунд зарцуулсан. Ирвэсийн өшиглөлт хийдэг. Хурдтай, эргэлттэй өшиглөлт нь аюултай. Мөн олон улсын дэмжээнд олон удаа тулалдаж байсан туршлагатай.

Сул тал: Өрсөлдөгчөөсөө 7 см намхан, күрхний ажиллагаа муу. өндөр ачаалал даах чадвар бага. Бэлтгэл форм жигд бус, 2015 оноос хойш 4 тулаан хийсэн.

Тэрбээр ахтайгаа хамт Хонконгод холимог тулааны клуб ажиллуулдаг. Шинжлэх ухааны бакалавр зэрэгтэй. Анагаах ухааны их сургуульд суралцаж байсан ч төгсөөгүй. Хонконг руу нүүхээсээ өмнө өндөр зэрэглэлийн бие хамгаалагчаар ажиллаж байсан. “Chase of Dreams” кинонд тоглосон. Тулааны шагналаараа ээждээ байшин худалдаж авч өгч байсан. Мөн салса, брийкдэнс бүжгийн тэмцээнд оролцож, түрүүлж байсан.

Дашрамд дуулгахад, Энэхүү сонирхолтой тулааныг 2018 оны гуравдугаар сарын 24-ны 20 цагаас UniLIVE88, Ddish900 сувгуудаар хүлээн авч үзэх боломжтой.

Д.Өлзий

Эх сурвалж: Монцамэ агентлаг