"Гарын таван хуруу" киног мэдэхгүй монгол хүн ховор болов уу. 1983 онд бүтээсэн уг кинонд гэр бүлийн амьдралыг харуулж олон хүний зүрх сэтгэлд хүрсэн бүтээл болж чадсан.

Энэхүү кинонд бага хүү Идэрийн дүрийг бүтээсэн хүү бол Нямдаваагийн Бат Амгалан юм. Түүний аав нь кино найруулагч Нямдаваа бол ээж нь Гавьяат жүжигчин Ш Цэцэг юм. Түүнчлэн тэрбээр энэхүү кинонд ээжтэйгээ хамт тоглосон бөгөөд Шагдарын эхнэр буюу Идэрийн ээжид түүний ээж тоглосон гээд тоочоод ярьвал сонин түүх ихтэй. 

Тэрбээр 9 настай байхад нь Идэрийн дүр санамсаргүй олджээ. Н.Бат-Амгаланг ээжтэй нь хамт пробонд оруулж, “Гарын таван хуруу” киноны ээж Должин, хүү Идэрийн дүрийг тэдэнд өгчээ. Найруулагч Б.Балжинням “Чи кинонд тоглож чадах уу” гэж асуухад “чадна” гэж хэлэх хүү өөрийнхөө бага насыг дэлгэцэнд мөнхөлнө гэж юун санах билээ. Кино үйлдвэрт сахилгүйтэж явсан хүү найруулагчаас ихээхэн айдаг байснаа хожим нь дурсан ярьжээ. 

Бат Амгалан Шагдарт тоглосон Лхасүрэн агсныг киноны дараа ч ааваа гэж дууддаг байжээ. Найруулагч Н.Балжиннямын тухайн үед нэг бүл болгож чадсан “Гарын таван хуруу” одоо ч нэг гэр бүл. Тэд байнга бие биенээ сураглаж, дэм болж явдаг байна. Харин Идэр том ах Элбэгтэйгээ 32 жилийн дараа уулзжээ. Тэд “Ус дээшээ урсдаг” кино зураг авалтын үеэр дахин уулзаж, санасан сэтгэлээ дэвтээж байснаа хуучлав.

Багаасаа кинонд тоглосон Н.Бат-Амгалан 10-р ангиа төгсөөд урлагийн хүн болжээ. Хүүхдийн кино студид ассент найруулагч, туслах найруулагчаар ажиллаж байгаад ОХУ-д кино урлагийн дээд сургуулийг дүүргэжээ. 1994 онд Хүүхдийн кино найруулагчаар төгсөж ирсэн Н.Бат-Амгалан Монгол телевизэд ажиллаж, мэргэжлийн гараагаа эхэлсэн байна. Мөн Хүүхэд залуучуудын театр киноны үйлдвэрт ч ажиллажээ.

1997 оноос зах зээлийн шуурганд Кино үйлдвэр хаалгаа барьж, олон уран бүтээлч хувийн салбарт ажиллаж эхэлсэн. Түүний нэг нь Н.Бат-Амгалан. Тэрбээр 1998 онд Кино үйлдвэрийн дээд сургууль байгуулагдахад анх багшаар очиж байсан бөгөөд хожим буюу 2005-2015 он хүртэл тус сургуульд багшилжээ. Гэхдээ зах зээлийн давалгаанд тэр бусдын адил БНСУ-д ажиллаж, өөрийн сонирхол болсон тогоочийн ур чадварыг эзэмшээд авчээ. Тэрбээр тогооч хүсэлтэй байжээ. Үүнийгээ гадаадад байх хугацаанд хэрэгжүүлж чаджээ. Түүний сонирхол энэ байсан учраас өдгөө “Сод Монгол” группид тогоочоор ажилладаг аж.