Өнгөрсөн онд  хайрт эгчийнхээ алтан амийг аврахаар донор нь болсон МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаагийн эгчийн хагалгаа амжилттай болжээ. Тэрбээр эгчийнхээ элэгний донор болж, амьнаас амь тасалж өгөх сэтгэлийн үйлсэд түмэн олныхоо дэмжлэгийг хүсч  хоёр өдрийн турш Бөхийн өргөөнд хандивын тоглолт хийсэн билээ.

Харин эгч, дүүс энэ 7 хоногийн эхээр Энэтхэг улсын эмнэлэгт хагалгаандаа амжилттай оржээ. Б.Гантигмаа өнөөдрийн байдлаар энгийн тасагт шилжиж байгаа бол эгч Б.Болормаа нь мөн эрчимт эмчилгээгээ дуусган удахгүй эмчийн хяналтад энгийн тасаг руу шилжих гэнэ.
 
Энэхүү мэдээг сонссон МУГЖ Ш.Дэлгэржаргал баярт мэдээгээ хуваалцахаар өөрийн бүхий л таньдаг хүмүүст талархал илэрхийлэн утас цохиж байгаа аж. Тэрбээр сайхан сэтгэлт  Монгол түмэнд минь гэр бүлийнхээ зүгээс талархаж буйг минь уламжилж өгөөрэй гэж сэтгэлийн үгээ ярьсан хүн болгонд уламжилжээ.
 
Уншигчдынхаа өмнөөс МУГЖ Ш.Дэлгэржаргалын гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.
 
Д.Ана