Төв номын санд хийсэн засвар чанаргүй болж, 500 сая орчим төгрөг завшсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ талаар болон өнгөрөгч онд нийслэлд хийсэн хөрөнгө оруулалтын талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн дарга Б.Лхагважаваас тодрууллаа.

-Юуны өмнө өнгөрсөн онд хийгдсэн Нийслэлийн  бүтээн байгуулалтын ажлын үр дүнгийн талаар танилцуулахгүй юу?

-Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтэс бол нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалт, их засвар мөн шинэ инженерийн шугам сүлжээний ажлуудад хяналт тавьдаг. Ийм чиг үүрэгтэй.

2013 оны хувьд 660 орчим төрлийн 302 тэрбум төгрөгийн  ажлыг хийж гүйцэтгэсэн. Эдгээрийн нийт гүйцэтгэл нь 93 хувьтай явагдаж байгаа.

Жилээс жилд  техник технологи шинэчлэгдэж , өөр янз бүрийн хөгжил дэвшил гарч, манай бас байгууллагын ч хүчин чадал нэмэгдэж байгаа. Хэрэглэж байгаа багаж хяналтын систем ч гэсэн сайжирч байгаа болохоор  энийгээ дагаад мөн адилхан засвар үйлчилгээ, барилгын ажлын чанар дээшилж байгаа.  

-Бүтээн байгуулалтын төрлөөр нь ангилбал аль салбарт түлхүү байна вэ?

-2013 онд нийслэлийн иргэдийн санал санаачилгад тулгууралсан бүтээн байгуулалтууд хийгдсэнээрээ онцлогтой байгаа. Үүнээс инженерийн шугам сүлжээ дэд бүтэц рүү том хөрөнгө оруулалт хийгдсэн .Дараа нь сургууль, цэцэрлэгийн засвар болон шинээр барихад зориулж нилээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдлээ.

-Тэгвэл чанарын хувьд хэр хангалттай гэж дүгнэж байгаа бол? Төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалтад баталгаа хугацаа шаарддаг уу?

-Ер нь бол их бага гэлтгүй  засварын ажлын материал сонгохоос эхэлээд бүх үе шатанд манай инженерүүд гүйцэтгэгч компаниудтай хэлцэл хийж тохиролцдог. Хамгийн сайн чанарын, стандарт шаардлагад нийцсэн хаалга цонх хэрэглэнэ гэх мэт. Чанарыг анхнаас нь анхаараад ажилладаг учир гологдол зөрчил харьцангуй бага гардаг. Дээр нь Барилгын хуулиар гурван жилийн баталгаат хугацаа гаргаж, тухайн компани энэ хугацаанд гарсан гологдол зөрчлийг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэг хүлээдэг.

-Төв номын сангийн засварыг 500 орчим сая төгрөгөөр хийсэн компани үнэхээр чанарын хувьд хангалтгүй хийж, төсвийн мөнгө үрэн таран хийсэн гэсэн шүүмжлэл гарч байгаа. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Тухайн нэг компанийн нэр хүндэд халдсан, цаашлаад Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, нийслэл хотын үйл ажиллагааг сөргөөр харуулсан ийм мэдээллүүд  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсанд маш их харамсалтай байна. Нацагдоржийн  номын сангийн засвар бол 495 сая төгрөгийн  гэрээт үнийн дүнтэй, “Рендр Бау” компани 2013 оны тавдугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 20 хооронд гэрээт хугацаандаа чанартай хийгдээд улсын комисс хүлээгээд авсан ажил байгаа юм. Энэ ажлыг тоо хэмжээ, чанар стандарт, норм дүрмийнх нь дагуу ямар ч асуудалгүй гүйцэтгэж, ажиглагч байгууллагад нь хүлээлгэж өгсөн. Төв номын сан өнөөдөр хэвийн ажиллагаагаа явуулж байгаа. Ийм байхад тухайн сэтгүүлчийн юм уу тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлагагүй үйлдлээс болж  олон хүмүүсийн хөдөлмөрийг үгүйсгэж, сөрөг ойлголт өгсөн. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зүгээс энэ мэдээлэлд тодорхой хэмжээний няцаалт өгч, нэр төрөө сэргээлгэх үйлдлүүд хийх болно гэдгийг албан ёсоор хэлж байна.

-Няцаалт өгөхын тулд баталгаа байх ёстой. 495 сая төгрөгөөр “Рендр Бау” гэдэг компани төв номын санд яг ямар, ямар төрлийн засвар шинэчлэлийн ажил хийсэн бэ?

-Нацагдоржийн номын  сангийн төв байр, дээр нь Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн салбаруудын цонх хаалга, шалыг сольж, дээвэр, дотор заслыг бүрэн хийж, халаалтын системыг шинэчлэх гээд бүх ажлыг тодорхой заасан зураг төслийг манай газраас захиалж, “Алтайн газрын хүч” гэдэг компаниар хийлгэсэн. Энэ дагуу тендер зарлаж, гурав дөрвөн компани оролцсоноос хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, “Рендр Бау” гэдэг компанийг шалгаруулсан юм. Ингээд манай байгууллагатай гэрээ байгуулж, зураг төсөлд тусгасан бүх ажлыг нэг бүрчлэн гүйцэтгэсэн.

-Номын сангийн засварын чанарын талаар үйлчлүүлэгчдээс нь гомдол гарсан гэсэн?

-Ер нь бол тухайн компани нэр төрөө сэргээлгэхээр дээрх ташаа мэдээллийг бичсэн сонин, сайтуудад хандсан. Харин тэр хэвлэлийн байгууллагынхан хүлцэл өчөөд, залруулга гаргасан. Эх сурвалжийн хувьд тухайн хэвлэлийнхэн номын сангаар үйлчлүүлж байсан хүмүүсийн ярианаас авсан гэсэн ч нягталж шалгалгүйгээр мэдээллээ гаргасан нь өрөөсгөл болсон юм.

- Тодруулга өгсөн таньд баярлалаа

А.Баярмаа