Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан Д.Пүрэвцэцэг шүүхээс ял авлаа. Тодруулбал, Д.Пүрэвцэцэг нь өөрийн нөхөр Ч.Эрдэнэжаргалтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа “Бүтээлч үйлс” ХК-ний захирал Д.Эрдэнэбилэгтэй ажил гүйцэтгэх 3 талт гэрээ байгуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус компани үйлдвэрлэн нийлүүлсэн 180 933 740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа иргэн Р.Баасанхүүгээр зарж борлуулсан орлогоос 40 533 049 төгрөгийг хувьдаа завшиж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүхээс ял сонслоо.

Шүүхээс ял авсан Д.Пүрэвцэцэг нь Увс аймгийн Улаангом суманд 1973 оны 03 сарын 31-ний өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумд оршин суух албан ёсны бүртгэлтэй.  Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга ажилтай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй нэгэн юм.

Д.Пүрэвцэцэг мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Боловсролын газрын даргаар ажиллаж байхдаа 2014 онд “Торгон Хийц” ХХК-ний захирал Эрдэнэбилэгтэй уулзаад та хүн гаргаж өг гэж хэлэхэд надад та Говьсүмбэр аймгаасаа найдвартай хүн олоод ажиллуул би цалинг нь өгнө гэсэн нь мэдүүлгээрээ нотлогдож байхад намайг “Торгон хийц”, “Бүтээлч Үйлс” компанийн ажилтан гэж үзээд байгааг тогтоолгох хүсэлтэй байна. Би итгэмжлэгдэн хариуцсан хүн нь биш. Миний аль ямар үйлдэл нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд хамаарч байгааг мөн тогтоолгомоор байна. Би ажил үүргийнхээ хувьд Боловсролын яамны тушаалын дагуу хяналт тавих үүрэгтэй байсан болохоос биш итгэмжлэгдэн хариуцсан хүн нь биш юм. Эрдэнэжаргал миний нөхөр байгаа юм. Эрдэнэжаргалын үйлдсэн хэргийг эхнэр болох би заавал хамт хүлээнэ гэсэн хуулийн заалт байгаа эсэхийг мөн мэдмээр байна. Эрдэнэжаргал өөрөө мөнгө дутаасан ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байхад заавал надтай холбоод байгаа нь ямар учиртайг мэдмээр байна. Эрдэнэжаргал мөнгө дутаасан ашигласан гэдгээ хүлээгээд, банкны хуулгаар дансанд орж гарсан нь нотлогдоод байхад намайг хувьдаа ашигласан гэдгийг юугаар нотолж байгааг мөн мэдмээр байна. Урьд жилүүдэд дүрэмт хувцастай холбоотой мөнгөний төлөгдөөгүй асуудал гарч байсан учраас тухайн үед Эрдэнэжаргалтай хамт очоод хяналт тавиад орлогын мөнгийг Эрдэнэжаргалд хүлээлгэн өгөөд өөрөө падаан дээр хүлээн авсан гарын үсэг зурдаг байсан. Тэгээд Эрдэнэжаргалыг компаний дансанд нь хийгээрэй гээд өгдөг байсан. Түүнээс өөр дээр байлгаж удаасан зүйл байхгүй. Эрдэнэжаргалыг орлогын мөнгийг тушаахгүй байдаг талаар мэддэггүй байсан. Тушааж байгаа гэж бодож байсан. Хэргийн 3 дугаар хавтасны 176-р хуудсанд байгаа баримт 3-ын ар талд 2014 оны 09 сарын 23-ны өдрийн байдлаар 1 сарын сурагчийн дүрэмт хувцас борлуулсан орлогын мөнгө болох 91 580 549 төгрөгийг Эрдэнэжаргалд би хүлээлгэн өгөөд Эрдэнэжаргалаар өөрөөр нь гарын үсэг зуруулсан баримт байгаа. Би Баасанхүүгээс 1 дүгээр ангийн хүүхдийн нэг ширхэг цамц авч байсан. Түүнээс 642 350 төгрөгийн дүрэмт хувцас зээлж авсанаа санахгүй байна. Хүмүүс надаар дамжуулаад сурагчийн дүрэмт хувцас зээлж авч байсан. Би одоо тэр хүмүүсийг нь санахгүй байна” гэж мэдүүлсэн байдаг.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оюунхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2013 онд Шинэчлэлийн засгийн газраас зохион байгуулсан “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” гэсэн төсөл зарлаад манай “Бүтээлч Үйлс” ХК, “Торгон хийц” ХХК шалгарсан. 2014 онд гурвалсан гэрээ хийж хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 180 933 740 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцас нийлүүлсэн. Энэ бараагаа Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын дарга Пүрэвцэцэгт хүлээлгэн өгсөн. Боловсролын газраас манайхаас сурагчийн дүрэмт хувцас зарах хүн гаргаж өг гэхээр нь Пүрэвцэцэгт танд наана чинь найдвартай хүн байвал та худалдагчаар авчих манай компани цалин өгнө гэсэн. Мөн байрны түрээсэнд сарын 350 000 төгрөг өгөхөөр тохирсон. 2014 оны 08 сарын 21-ний өдрөөс борлуулалт эхэлсэн. Дүрэмт хувцас зарсан мөнгө яагаад орж ирэхгүй байгаа юм гэхээр Пүрэвцэцэг нь борлуулалт муу байна, орлого байхгүй байна гэсэн тайлбар хэлдэг байсан. Хамгийн эхний орлого 2014 оны 10 сарын 18-нд 19 000 000 төгрөг, 2014 оны 10 сарын 20-нд 19 000 000 төгрөг, 2014 оны 11 сарын 11-нд 19 000 000 төгрөг манай захирал Эрдэнэбилэгийн данс руу хийсэн байсан. Тэгээд 2014 оны 11 сарын 19-ний өдөр бараагаа буцааж авахаар нярав Цэцэгдэлгэр ирээд тооллого хийхэд 117 577 025 төгрөгийн бараа зарагдсан байсан. Зарагдаагүй үлдсэн 63 356 715 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцасыг буцаан авсан. Тухайн үед худалдагчаар ажиллаж байсан Баасанхүүтэй уулзахад Пүрэвцэцэг дарга өөрөө орсон орлогыг нь өдөр болгон ирээд авдаг байсан гэж хэлсэн. Надад данс өгөөгүй, танай байгууллагын утсыг авах гэхээр өгөхгүй байсан гэж хэлсэн. Худалдагч Баасанхүү хүмүүст зээлсэн барааны үнийг цуглуулаад 2014 оны 11 сарын 20-нд 2 900 700 төгрөг, 2014 оны 12 сарын 08-нд 1 411 000 төгрөгийг тус тус манай захирлын данс руу хийсэн. Тэгээд Пүрэвцэцэгтэй уулзахад хувьдаа ашигласнаа хэлсэн. Нэхүүлж байж 2015 оны 02 сарын 07-нд 4 000 000 төгрөг, 2015 оны 10 сарын 20-нд 3 000 000 төгрөгийг манай захирлын дансанд хийсэн. Эрдэнэжаргал гэдэг хүн тухайн үед хувцас зарах ажилд оролцоогүй, ямар нэгэн хамаа байхгүй. Энэ хүн Пүрэвцэцэгийн нөхөр юм байна лээ. Пүрэвцэцэг, Эрдэнэжаргал нар худлаа мэдүүлэг өгсөн байна. Лого, ханцуйн тэмдэгийг хийж өгнө гэсэн тохироо байхгүй. Пүрэвцэцэг энэ хэргээс өөрийгөө цэвэрхэн авч гарах гэж байна. Пүрэвцэцэг өөрөө гарын үсэг зурж өдөр бүр орлогынхоо мөнгийг хүлээн авч байсан. Мөн Пүрэвцэцэг эхний барааг өөрөө биечлэн хүлээн авсан байдаг. Пүрэвцэцэг нэг удаа манай нөхөр хотод явж байгаа нэмээд бараа өгөөд явуулчих гэхээр нь нөхөрт нь бараа өгч явуулж байсан. Эрдэнэжаргал гэх хүн нь сурагчийн дүрэмт хувцас зарах ажилд ямар нэгэн хамаа байхгүй. Пүрэвцэцэг өөрөө гэрээ хийгээд хувцас хүлээн авсан. Худалдагч Баасанхүүд дансыг өгөхгүй нууж өөрөө бэлнээр мөнгийг хүлээн авч байсан. Худалдагч Баасанхүүг компанийхаа ажилчдын жишгээр 1 сарын 650 000 төгрөг, туслах Гөлгөөд 1 сарын 500 000 төгрөг, байрны түрээс 1 сарын 350 000 төгрөг байхаар тохиролцсон. Нийт тооцоогоо бодоод үзэхээр цалин байрны түрээс нийлээд 3 000 000 төгрөг болж байна. Нийт 2 сар ажилласан байгаа. Анх Говьсүмбэр аймгийн цагдаад өргөдөл гаргасны дараа Пүрэвцэцэгийн нөхөр гэх Эрдэнэжаргал ирж уулзаад манай эхнэр Пүрэвцэцэг эмнэлэгт хэвтэж байгаа төлбөр тооцоог нь төлнө гээд нэг бичиг хийж өгсөн. Тухайн үед бид хоёрт жаахан хугацаа өгөөч ахдаа мөнгө зээлүүлсэн чинь нас барчихлаа гэж байсан. 3 сая төгрөгөнд зарж борлуулах төсөвт багтаа гэж яриагүй. Боловсролын газар нь сурагчийн дүрэмт хувцас зарах ажлыг зохион байгуулах үүрэгтэй байдаг. Манай компани дэмжлэг болох зорилгоор 1 худалдагч авч ажиллуул гэж амаар хэлж байсан. Түүнээс 3-4 хүн авч ажиллуул гэж хэлээгүй. Пүрэвцэцэг 3-4 хүн авч ажиллуулж байгаа талаараа манай компани болон захиралд мэдэгдээгүй. Манайх сурагчийн хүрэм, өмдийг үйлдвэрлэдэг. Бусад компаниас цамц, сүлжмэл хувцасыг аваад толгой компани нь нийлүүлэх үүрэгтэй байдаг. Компаний данс руу авчихаар нөгөө компаний өмнөөс нэмүү өртөг, албан татвар төлөх болчихдог учраас захирал Эрдэнэбилэгийн дансаар хүлээн аваад компани руу нь хувиарладаг байсан. Пүрэвцэцэгээс анх мөнгө нэхэхэд мөнгө хийлээ гээд Говьсүмбэр хувцасны мөнгө гээд орж ирдэг байсан. “Торгон хийц” ХХК, “Бүтээлч үйлс” ХК-иуд нь нэг удирдлагатай учраас дотроо зохион байгуулалт хийгээд “Торгон хийц” ХХК нь хүргэлт, түгээлтийг хариуцаж байсан. “Бүтээлч үйлс” ХК нь Говьсүмбэр аймагт сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэх гэрээтэй учраас орлого, зарлага нь “Бүтээлч үйлс” ХК-ний тайланд тусгагдсан. Анхнаасаа гомдол гаргахдаа “Бүтээлч үйлс” ХК-ний нэрээр гаргасан. Гэрээ хийснээр “Бүтээлч үйлс” ХК-нд хохирол учирсан. Пүрэвцэцэг, Эрдэнэжаргал нараас 57 000 000 төгрөгийн орлого шилжүүлсэн, нийт 8 600 000 төгрөгийн өр барагдуулсан. Харин худалдагч Баасанхүү 6 311 800 төгрөгийн өр барагдуулсан. Одоо Пүрэвцэцэг 31 933 049 төгрөгийн дутагдалтай, худалдагч Баасанхүү 13 732 276 төгрөгийн дутагдалтай байна. “Бүтээлч үйлс” ХК-нд нийт 45 665 325 төгрөгийн хохирол учраад байна. Анх буцаалт хийсэн нярав нь дангаараа зарах үнэлгээг мэдэхгүй учраас 30 ширхэг юбка , 30 ширхэг цээж дутуу гэж бичээд хүлээн авсан байдаг. Шинжээчийн дүгнэлтэнд дан эм цээж, дан эр өмдний үнэлгээг оруулахаар 63 356 715 төгрөгийн бодит буцаалт хийсэн үнэлгээ гарч байгаа юм. Одоо Пүрэвцэцэг 31 933 049 төгрөг нэхэмжилнэ. Худалдагч Баасанхүү 13 732 276 төгрөгийн хохирлоос түрээсийн 3 сарын мөнгө 750 000 төгрөг, Баасанхүүг 2 сар ажилласан гэж үзээд 1 сарын 650 000 төгрөгөөр бодоод 1 300 000 төгрөгийг хасна. Одоо Баасанхүүгээс 11 682 276 төгрөгийг нэхэмжилнэ. Баасанхүү, Пүрэвцэцэг нарын зүгээс дутуу 30 ширхэг юбка, ахлах цээж эр 30 ширхэг, дутуу ирсэн талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Хэргийг хурдан шийдүүлэхийн тулд компаниас эрсдлээ үүрээд 3 011 610 төгрөгийг Баасанхүүгийн хохирлоос хасаад 8 670 666 төгрөгийг нэхэмжилж байна” гэж мэдүүж байжээ.

Энэ хэрэгт гэрчээр мөн хүмүүс байцаасан байдаг. Улмаар тал бүрийн байр суурийг харгалзан үзэж шүүх шийдвэр гаргасан. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Түмэн овогт Дашцэрэнгийн Пүрэвцэцэгийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшиж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Зуун цагаан гэрт овогт Чимэдгочоогийн Эрдэнэжаргалыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэн бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Илчин овогт Рагчаагийн Баасанхүүг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэн бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Пүрэвцэцэгээс 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ч.Эрдэнэжаргалаас 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус оноосон. Харин оноосон ялаа тэр чигт нь өршөөлийн хуульд хамруулсан байгаа юм.

Бусдыг “шулсан” хүмүүс нэг ч хоног хоригдолгүй өнгөрсөн. Энэ бол цагаан захтнуудын үйлдсэн хэргийн зөвхөн нэг жишээ. Цагаан захтнууд эхнээсээ ийнхүү өршөөлд хамрагдаж эрх чөлөөтэй явж байгаа ньдахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн үг биш. Тиймээс энэ төрлийн хэргээс сэрэмжлүүлэх зорилгоор бид дахин мэдээлэх болно.