УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

ҮХЦ-ийн гишүүнд Ерөнхийлөгчөөс Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарын нэрийг дэвшүүлжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Харин УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Монгол Улсын гавьяат хуульч Ш.Солонгын нэрийг дэвшүүлсэн. Мөн нэр дэвшигч Ш.Солонго нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажилладаг. 

Үүнтэй холбогдуулж УИХ-ын чуулганы хуралдаанаар СЕХ-ны гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Ш.Солонго ҮХЦ-ийн гишүүнээр нэр дэвшиж байгаатай холбогдуулан СЕХ-ны гишүүнээс чөлөөлөх өргөдлөө өгчээ. Гишүүдийн олонхийн саналаар Ш.Солонгыг СЕХ-ны гишүүнээс чөлөөллөө.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг, Н.Жанцанг, Т.Лхагваа нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж, үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна.

 

УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэж байгаатай холбогдуулан асуулт тавьж хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Та бүхэнд нэгдүгээрт амжилт хүсч байна. “ҮХЦ-ийн гишүүн хүн бол хууль зүй, улс төрйин өндөр мэргэшилтэй хүн байна гэж заасан байдаг. Би улс төрийн өндөр мэргэшил гэдгийг яагаад оруулсныг гайхдаг байлаа. Лам хуврагаар яривал гэгээрсэн хүмүүс байна гэсэн санаа байдаг.  ҮХЦ бол том улстөрчдийн ном хурах газар байх ёстой гэж Үндсэн хуульд заасан юм шиг байгаа юм. Монголын төвшинд ҮХЦ-д том хуульчид байдаг. Үүнд хүрч ажиллах хэцүү. Тиймээс та бүхэн том хуульчдын зиндаанд хүрч, Үндсэн хуулиа зарж идэхгүй байх сэтгэл хэрэгтэй шүү.  Өнгө мөнгөний хорвоо боллоо шүү. Би хоёр жилийн өмнө УИХ-ын даргаар З.Энхболд байхад “Одоо байтлаа Үндсэн хуулиа зарж иддэг боллоо “ гэж хэлж байсан. Сүүлийн үед бүлэглэлийн төрийг хулгайлах асуудал төрийн албан хаагчдын зүрхийг үхүүлэх ажил хийж байгаа. Бүхнийг мөнгөөр хулгайлсан ажлыг хийж байна. Ийм зүйлд авталгүй айлгүй ажиллаж үзээрэй. Ном хурах газар байхын утга учрыг сайн бодоорой. Үндсэн хуулийн шийдвэрийг шүүх хэрэгсэхгүй болж байгаа шүү.

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахад хуулийн цол хэргэм байхгүй байна. ҮХЦ бол шударга үнэний туйл байх ёстой. Хуулийг буруу хэрэглэж байсан зүйл дээр ҮХЦ зөв шийдвэр гаргаж байсан юм. Би тэгэхэд ҮХЦ-ийг үнэхээр бахархаж байсан. Хуульзүйн ухааны докторууд байдаг юм байна гэж харж байлаа. Хуулийг шударга хэрэгжүүлэх хамгийн эцсийн элч нар та нар байх ёстой.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Та бүхэн “ҮХЦ-ийн гишүүн хуульч, улс төрийн мэргэшсэн хүн байна” гэдгийг юу гэж ойлгож байна вэ? ҮХЦ-ийн дээр зөвхөн хөх тэнгэр байдаг гэдэг. Тиймээс та бүхэн шударга байгаарай. Түүнээс бус та бүхэнд төлөв түвшин, уян хатан, өрөвч чанар хэрэггүй байх.

 

Нэр дэвшигч Ц.Нанзаддорж:

-Үнэнийг хэлэхэд улс төрөөр даганаж  мэргэшсэн боловсрол байхгүй. Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх , шийдвэрийг УИХ-аар батлуулах хэмжээнд ажиллаж байсны хувьд тодорхой туршлагатай болсон гэж үздэг. Сүүлийн хоёр жил Говь-Алтай аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан. Үндсэн хуулийг судалж үзсэн. Хөдөө орон нутагт сумын Засаг дарга нарыг сонгох гэж ах дүү хамаатан саднаараа талцаад, тангараг тасрах дөхсөн тал ажиглагддаг юм. Үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж боддог.

 

Нэр дэвшигч Г.Туулхүү:

-Хувь хүн ёс суртахууны боловсролтой, хүмүүжилтэй байх ёстой гэж бодож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа.

 

Нэр дэвшигч Б.Буяндэлгэр:

-ҮХЦ бол маш чухал шийдвэр гаргадаг. Төрийн институци хоорондын сөргөлдөөнийг шийдвэрлэдэг. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар үндсэн бүтэц нь өөрчлөгдөхгүй учраас болно гэж үздэг.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

Ш.Солонгыг  би эртнээс танина. Бүх Засгийн газарт ажиллаж байсан өргөн хүрээний мэдлэгтэй хүн.  Мөн ЗГХЭГ-ын дэд даргаар олон жил ажиллаж байна. Засгийн газраас гаргаж буй хууль, шийдвэрүүдийн гол үндэс нь Ш.Солонгын гараар дамждаг. ҮХЦ-д очоод маш сайн ажиллана гэдэгт итгэж байна. Ш.Солонгыг чөлөөлсөнтэй холбогдуулж ЗГХЭГ-т түүнтэй  дүйхүйц чадвартай хүн томилоорой.  Чамбай, туршлагатай хүний л хийдэг ажил шүү.

Үүний дараа  Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд  томилох эсэхийг хэлэлцлээ. Гишүүдийн зүгээс нэр дэвшигч Ш.Солонгыг “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллах бүрэн хэмжээний туршлагатай гавьяат хуульч.  Үндсэн хуулийн Цэцэд очоод  улстөрждөг байдлыг таслан зогсоож ажиллаарай ” гэлээ.

Ингээд санал хураахад  93.3 хувийн саналаар дэмжигдэж, Ш.Солонго ҮХЦ-ийн гишүүнээр томилогдлоо.

Мөн ҮХЦ-ийн гишүүнээр Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг томилох санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар дээрх эрхмүүдийг ҮХЦ-ийн гишүүнээр томилов. 

 

Н.Гантуяа

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг