Их хувьчлал буюу 1996-2000 онд улсын томоохон үйлдвэр, үйлчилгээний компаниудаас гадна банк санхүүгийн байгууллагуудыг өөрчлөн байгуулах замаар хувьд шилжүүлсэн. Ингэхдээ алдаж оносон гэх хар цагаан түүх АН-тай холбогддог.

Тэгвэл их хувьчлалын үе МАН-д, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний Засгийн газарт харьяалагдах нь. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Эрчим хүч, автозам, уул уурхай, санхүү, банк, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит, өмчийн оролцоотой нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг бүрэн болон заримынх нь тодорхой хувийг хувьчлахаар төлөвлөжээ. Төрийн банк, Хөрөнгийн бирж, МИАТ, Монголын цахилгаан холбоо, Мэдээлэл, холбооны сүлжээ, Хөдөө аж ахуйн бирж, Арилжааны төлбөр тооцоо тэргүүтэй томоохон компаниуд хувьд гаргах жагсаалтад багтсан байна.

Үүн дотроос Монгол иргэний агаарын тээврийн голлох тоглогч МИАТ, Монго-лын 330 суманд салбартай Төрийн банкийг олон нийт онцолж байна. Энэ хоёр компанийн өнгөрсөн оны тайлангаас харахад хоёулаа олон тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, улсад оруулах орлого, төвлөрүүлэх ёстой татвараа давуулан биелүүлжээ. Ямартай ч өндөр өгөөжтэй иргэний агаарын тээврийн компани болон төрийн мэдлийн ганц арилжааны банкаа хувьч-лахаар болж байна. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг авто зам, арчлалтын 20 “АЗЗА” компанийг хувьчла-хаар болсон аж. Харин нийгмийн суурь дэд бүтэц буюу стратегийн ач холбогдолтой дулааны цахилгаан станцуудын хувьчлалыг түр хойшлуулж, дахин судалж үзэхээр болсон гэнэ. Өмнө нь хувьчлалд цөөн хүн, хуулийн этгээд оролцон тухайн аж ахуйн нэгжийг худалдан авдаг байсныг өөрчилж, хувьцааг нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах зарчим барина гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Төрийн банк, Хөрөнгийн биржийн хувьчлалын асуудлыг хэлэлцлээ. Хөрөнгийн биржээр дамжуулж Төрийн банкийг олон нийтэд нээлттэй хувьчлах, мөн стратегийн нэгжид хувьчлах байр суурьтай байгаа. Хувийн хэвшлийнхэн сайн аваад явж байгаа салбарт төр өмчтэй байх шаардлагагүй.

Төрийн банкийг цаашид хувийн хэвшил сайн аваад явна гэж найдаж байна. Бүх хувьчлалыг Хөрөнгийг биржээр дамжуулж хийнэ. Мөн Хөрөнгийн биржийг хувьчлах асуудал яригдсан. Дэлхийн ихэнх хөрөнгийн биржүүд дээр цан цохидог уламжлалт байдал 10-аад жилийн өмнөөс үгүй болсон. Төрийн банк, Хөрөнгийн биржийн хувьчлалыг яг одоогийн үнэлгээнд нь тулгуурлаж хийнэ” гэлээ. Гэвч зарим судлаачдын зүгээс нийт иргэдийн 80 гаруй хувь нь санхүүгийн, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн мэдлэггүй байгаа энэ үед өмч хувьчлал явуулах нь зохимжгүй. Дээр нь хөрөнгийн биржид гаргасан хувьцааг худалдан санхүүгийн чадвартай хүн хэд байгааг тооцоолж үзэхийг анхааруулсан юм.

Үндэсний шуудан сонин