Их дээд сургууль төгсөөгүй байж, төгссөн мэтээр хуурамч диплом хийх явдал гарсаар байна. Хэдийгээр БСШУСЯ-д их, дээд сургууль төгсөгчдийн мэдээллийн нэгдсэн сан байдаг ч “бөх зүрхтэн”-үүд хуурамчаар диплом хийгээд зогсохгүй ажилд оржээ. Харин  энэ гэмт үйлдэл нь илэрч  ял буюу 500 000 төгрөгөөр торгуулсан байна.

Б овгийн Ц.Н, 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймагт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэгт  оршин суух, урьд ял шийтгэлгүй нэгэн.

Тэрбээр  Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр биеийн тамирын багшаар ажилд орохдоо МУБИС-ийг 2006 онд Биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн гэх дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Тэрбээр хэргээ мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй юм.

Тэгвэл энэ хэрэг хэрхэн илэрэв...

Гэрч Я.Номинцэцэг  “...Шалгалтын явцад биеийн тамирын багш Ц.Н-ын МУБИС-ийг төгссөн гэх D2006.....  дугаартай диплом нь Мэргэжлийн хяналтын байгууллагын төгсөгчдийн мэдээллийн санд бүртгэлгүй байсан тул МУБИС-руу сургууль төгссөн эсэх талаар албан бичиг хүргүүлсэн. Тэгтэл Ц.Н-ыг тус сургуулийг төгссөн гэх мэдээлэл байхгүй тухай албан бичиг ирсэн тул Чингэлтэй дүүргийн прокурорын газарт мэдэгдсэн байгаа...”

Гэрч Ч.Мөнхбат “...Наранболдоос энэ талаар асуухад МУБИС-д сурч байгаад 4-р курстээ төлбөр мөнгөний асуудалтай байсан болохоор үргэлжлүүлж сурч чадаагүй байж байгаад дээд курсийнх хүмүүс диплом гаргаж өгнө гэж ярихаар диплом гаргаж, түүнийг нь худалдан авсан юм байна лээ...”

Гэрч Г.Энхтуул: “...2017 оны 12 дугаар сард манай сургуулийн биеийн тамирын багшаар ажилд орсон. Манай сургууль сонгон шалгаруулалт зарласан байсан үүний дагуу шалгалт өгч тэнцээд ажиллах болсон. Ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба өөрийгөө МУБИС-ийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн гэж хэлж байсан. Ажилд орохдоо дипломоо өгөөд багшлах эрхийн үнэмлэхээ өгөөгүй. Удаа дараа нэхсэн боловч авч ирж өгөөгүй байсан...”

Ингээд хуурамч байж болзошгүй дипломыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгч, шинжлүүлжээ. Дүгнэлтээр

“1. Шинжилгээнд ирүүлсэн D2006.... дугаартай Монгол улсын боловсролын их сургууль, Бакалаврын диплом, Ц-ын Н гэх баримтыг хавтгай хэвлэлийн аргаар хэвлэсэн байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн D2006..... дугаартай Монгол улсын боловсролын их сургууль, Бакалаврын диплом, Цэрэнжавын Наранболд гэх баримт дахь шинжилж буй тэмдгийн дардсыг хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна.

3. D2006..... дугаартай Бакалаврын дипломын хавсралт Ц.Н гэх баримтыг хар өнгийн хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн.

4. D2006... дугаартай Бакалаврын дипломын хавсралт Ц.Н гэх баримт нь харьцуулах загварт ирүүлсэн D2006.... дугаартай Бакалаврын дипломын хавсралт Я.А гэх баримттай тохирохгүй.

5. D2006.... дугаартай Бакалаврын дипломын хавсралт Ц.Н баримт дахь шинжилж буй тэмдгийн дардсуудыг хуулбарлах аргаар хийсэн.

6. D2006....  дугаартай Бакалаврын дипломын хавсралт Ц.Н гэх баримт дахь шинжилж буй тэмдгийн дардсууд нь харьцуулах загварт ирүүлсэн D2006....  дугаартай Бакалаврын дипломын хавсралт Я.А баримт дахь тэмдгийн дардастай тохирохгүй...” гэж гарчээ.

Хуурамчаар диплом хийсэн хэргээ Ц.Н хүлээж, гэрчүүд болон ШШҮХ хуурамч гэдгийг нь баталсан. Тиймээс шүүхээс  Б овгийн Ц.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.  Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Диплом хуурамчаар үйлдэх ямар ч боломжгүй тул энэ төрлийн хэрэг үйлдэхийг бодож санаад ч хэрэггүй бөгөөд эрүүгийн хэрэгтэн болно гэдгийг анхааруулж байна.