УИХ-ын хаврын чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр О.Баасанхүү гишүүн хуульд нийцэхгүй нэгэн заалт илрүүлж асуулт асуусан юм.

Тэрбээр "Ц.Нямдорж сайд та Эрүүгийн хуулийн 12.5-ыг уншиж үзсэн үү? Бүр үг, үсэг, өгүүлбэрээр нь би хэлээд өгье. 14 настай хүүхдийг, 14 хүрснийг нь мэдсэн эсвэл мэдэх боломжгүйгээр эр эмийн харьцаанд орвол торгуулийн ялтай гээд байгаа. Дэлхийн жишигт 16-аас доош насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох юм бол хүчингийн хэрэг гэж үздэг. Сая 17 настай охины талаар телевизээр гарч байна. Ингэхдээ гурван жил биеэ үнэлсэн, нөгөөх нь машиныхаа лизенгийг төлөх гэж байна. Хэрэвээ хууль нь чанга байсан бол насанд хүрээгүй хүүхэд худалдаж авсан нөхдүүдийг олж шийтгэвэл, дараа дараагийн насанд хүрээгүй охидод ийм зүйл тохиолдохгүй. Ийм хэрэг гарчихаад байхад Хууль зүйн яам яагаад дугардаггүй юм бэ? Энэ хуулийн заалтыг өөрчилж болдоггүй юм уу. 14 настай хүүхэдтэй гэрлэж болно гээд байгаа юм уу. Энэ хуулийн ажлын хэсгийг ахлаж байсан Х.Нямбаатарт энэ хуулиа засаачээ, буруу байна шүү дээ гэхээр танай дүү намайг шүүхэд өгөөд байх юм. Та 20 гаруй жил хууль боловсруулж явсан хүн шүү. 14 настай хүүхэдтэй эр эмийн харьцаанд орно гэдэг чинь гаж донтон гэсэн үг. Зодсон уу, нүдсэн үү хамаагүй. Чихэрээр ч хуурч болно" гэлээ.

Хариуд нь Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: "Уншсаан. Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, Зөрчлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, бусад хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг бүх яамд болон шүүх, прокурорын байгууллагуудад өгчихсөн байгаа. Хариу ирэхээр нь зангидаад УИХ-ын намрын чуулганд оруулж ирнэ. Тэнд энэ хуулийн заалт багтсан байгаа. Ер нь бол УИХ-ын гишүүдэд хууль санаачлах эрх байгаа шүү. Тэр эрхээ хэрэгжүүлэх эрх Баасанхүү гишүүн өөрт чинь байгаа. Ах дүүгийн харилцааны хувьд Х.Нямбаатар ч миний дүү, О.Баасанхүү ч миний дүү. Тиймээс хоорондоо эв зүйгээ олж ажиллаарай" гэж хариуллаа.   

Б.Учрал 

www.erennews.mn