​Ага нутгаас аргагүйн эрхэнд 20 мянга гаруй буриад зон уугуул элгэн садан болсон Их Чингис хааны голомт нутаг Ар халхын нутаг руугаа тэмүүлсэн.

Буриадууд үхэр тэргээрээ Орос Монголын хилийг даван нүүж ирээд одоогийн Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг Улзын голын эрэгт Улаалзай хөгдүүд, Үхэрчин Цэрэнгийн хот айлууд суурьшин амьдарч эхэлсэн байдаг. Хол газраас Монголд ирж суурьшин амьдарсан Цэрэн овогтой Лхаасүрэн нь айлын бага хүү байжээ. Ага нутагт 1904 онд төрж, бага насандаа Оросын гимназ бага сургуульд суралцаж байгаад аав ээжийн хамтаар Монголдоо ирж, мал маллаж амьдарчээ.


Тэрбээр 1925 онд 21 настайдаа Монгол Улсын Ардын цэрэгт татагдан Улаанхуарангийн цэргийн ангид алба хаасан түүхтэй. Түүний эцэг орос хэл сайн мэддэг байсан тул Цэргийн госпитальд орос эмчийн орчуулагч, эмчийн дагалдангаар ажиллан, улмаар дөрвөн жилийн хугацаанд хүний бага эмчийн мэргэжилтэй болжээ. Ингээд өөрийн хүсэлтээр цэргээс халагдан нутагтаа ирээд Баян-Уул сумын эд хэрэглэгчдийн анхны хоршоог байгуулах хүсэлтээ Дорнод аймгийн хоршоодын холбоонд гаргав. 1931 онд анхны хоршоо байгуулахыг зөвшөөрсөн учраас сумын төвд эд хэрэглэгчдийн хоршооны суурийг тавьсан байна. Энэ үед нутгийн хүмүүстэй гэрээ хийн бараа таваараа Эрээнцавын дамжлага баазаас үхэр тэргээр тээвэрлэн авчирдаг байсан аж.

Мөн тухайн үед нутгийн ард түмний хүсэлтээр жинчдийн ба анчдын нийгэмлэгүүдийг байгуулж, хоршооныхоо үндсэн хөрөнгийг нэмэгдүүлж, 150 гаруй гишүүнтэй болон өргөжжээ. Тийнхүү сайн ажилтай хоршооны нэг гэгдэж байсан тул Улаанбаатар хотод хоршоодын холбооны болон эд хэрэглэгчдийн тэргүүний хүмүүсийн уулзалт, хурал зөвлөлгөөнд аав маань олон удаа оролцдог байв. Тэр үөд томоохон уулзалтад оролцож явахдаа аав маань Маршал Х.Чойбалсантай танилцаж, улмаар гэр орноор нь уригдан очиж байсан гэдэг.

Тэр үед Маршал Х.Чойбалсан Бортолгой гэдэг эхнэртэй байв. Энэ айл хүүхэд үгүй учир эхнэр нь эцгийг минь тэднийхээр очих болгонд нэг хүүгээ манайд үрчлүүпээч гэж гуйж байсан гэдэг. Маршал ч "Нутгийн дүү хүүгээ манайд өгвөл их сайн байна" гэж хэлсэн тухай аав минь ярьдаг байлаа. Иймэрхүү байдлаар Маршалынд нэг бус удаа хундага тулган сууж, гэргий нь хүүхдийн талаарх яриаг байн байн сэргээдэг байсан аж. Аав маань хот хүрээ газраас буцаж ирээд "Дунд хүүгээ Маршалынд өгье гэвэл зөвшөөрөх үү" гэж ээжээс асуужээ. Ээж маань яаж байгаа чинь энэ вэ гэхээс өөр үг дуугараагүй гэдэг.

Харин хадам ээждээ энэ тухай дуулгаж, улмаар хадам аав үхэрчин Цэрэн /бидний өвөө/-д энэ үг хүрсэн байв. Тэрбээр ихэд уурлаж, хаанахын хүнд хүүгээ өгөх гээв, босоод ир толгойг чинь хага цохино, тулганы гурван хөлийн нэгийг нь хугалчихвал хоёр нь яаж тогтох юм бэ хэмээн аавыг их л ширүүн загнасан байдаг. Түүнээс хойш нэг их удалгүй аав "Одоо Маршал ирэхгүй, санаа зоволтгүй" гэж ээжид хэлжээ.

Аав Лхаасүрэн, өрлөг жанжин Х.Чойбалсан хоёр юу ярьсныг, хэрхэн ойлголцсоныг ээж мэдээгүй, ааваас асуугаагүй юм гэсэн. Харин хожим энэ явдлын учир тайлагдаж, бидний амьдралаас аавыг минь аваад явчихсан юм.

1937 оны өвөл аавыг маань баривчилж, хөрөнгийг нь хурааж, түүгээр ч барахгүй цай хийж өгсөн мөнгөн аягануудыг шууд цүнхэндээ хийж, аавын маань алт шарсан мөнгөн хутга, ээжийн ээмэг даруулга гээд манай үнэтэй цайтай бүхнийг булаан аваад явсан гэсэн. Аавыг баривчилсан хүмүүсийн ахлагч "Нөхрийнхөө морийг бэлд" гэж ээжид тушаажээ. Харин аав минь ээжид хандаж "Хээр морио эмээллэ" гэсэн нь ээжийн минь сонссон сүүлчийн үг нь байв. Тэд хотноос хөдлөнгүүт аав сумын төвийн зүг мориныхоо хар хурдаар давхин одож, буутай цэргүүд араас нь хөөн одсон гэж ээж минь ярьдаг юм.

Бидний эцгийг 1938 оны дөрөвдүгээр сарын нэгэнд цаазаар авсан нь сүүлд тодорхой болсон. Ханийг минь хүүхдээ үрчлүүлээгүйн улмаас цаазаар авсан гэж ойлгодог гэж ээж минь бидэнд ярьдаг байсан, бид ч тэгж ойлгодог. Эцэгт минь хийсэн хэрэг байгаагүй учир 1989 оны долдугаар сарын 19-ний өдрийн БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 89 дүгээр магадлалаар цагаатгасан юм. Хэдий цаатгасан авч, сайхан аав минь босоод ирэх биш дээ. Хүний биед орсон мэсийн шарх эдгэдэг байтал сэтгэлд орсон шарх хэзээ ч эдгэдэггүй юм байна хэмээн ярьсаар ижий минь насан өөд болсон доо, хөөрхий.