Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга сар шинийн баярт зориулсан "Гурван цагийн аялгуу" шилдэг дууны дээжис тоглолтоо энэ сарын 24, 25, 26-ны 19:00 цагт тоглогдож эхлэлээ. Энэхүү тоглолтонд Монголын дууны урлагийн ноён оргил болсон алдарт Н.Норовбанзад, Г.Түмэндэмбэрэл, Б.Лхамжав, В.Оросоо, Д.Банзрагч, Адарсүрэн нарын танил дотно дуунуудаас сонгон гурван өдрийн турш эгшиглэх юм.

Тус тоглолтонд АЖ Д.Самбуу, МУГЖ Л.Чулуунчимэг, Б.Сийлэгмаа, С.Эрдэнэцэцэг, Н.Амгалан, МУСТА Б.Батмэнд, Д.Амаржаргал, С.Цогтсайхан, Х.Эрдэнэцэцэг, Ц.Түмэнжаргал, Г.Энхбаатар, Г.Отгонзул, Б.Ууганбаяр, Б.Эрдэнэбаатар, Э.Чинчулуун, Ц.Нарантуяа, Хөөмийч Л.Лхамрагчаа, Ц.Цогтгэрэл, В.Батзориг зэрэг Үнэдсний дуу бүжгийн эрдмийн чуулгын үе үеийн уран бүтээлчид ая дуугаа өргөнө.

Мөн Үндэсний хөгжмийн их найрал, удирдаач Б.Ганбат, хормейстр Ц.Буян-Орших, Ардын бүжигчид оролцож байна.

ҮДБЭЧ-ийн хамт олон энэхүү тоглолтоо Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоотой хамтран ажиллаж сар шинийн баярын бэлэг болгож хөгжлийн бэрхшээлтэй 1000 орчим иргэдийг зохион байгуулалттай урьж "Гурван цагийн алгуу" тоглолтоо үзүүлэн тэдэнд амьдралын урам, эрч хүчийг бэлэглэж буйгаараа энэ удаагийн тоглолтын онцлог юм.

Тоглолтыг үзэхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн холбоондоо хандаж үзэх бүрэн боломжтой.

 

Х.Даваа