2016 онд Батлан хамгаалахын сайдаар Ц.Цолмон ажиллаж байв. Энэ үед түүний орон тооны бус зөвлөх Ж.Алтансүх гэгч авлига авсан, өгсөн гэх мэт хэд хэдэн хэргээр шалгагдсан. Ингэхдээ тэрбээр энхийг сахиулагчдын хангалт, даатгал дээр “тоглолт”хийн “мөнгө цусалсан” болох нь хоёр жилийн мөрдөн шалгалтын үр дүнд тогтоогдсон байна.  

 

Тодруулбал, Ж.Алтансүх нь

  1. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байхдаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайханы 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/07 дугаар тушаалаар “2016 оны энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан дадлага, сургуулийн хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны гишүүнээр ажиллаж байхдаа “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал”-ын тендерт оролцогч “Ард даатгал” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2009 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн санхүүгийн нэмэлт тайлан, санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 249 дүгээр тогтоолоор батлагдсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг нотлох журмын 1, 2 дугаар хавсралтаар баталсан тайлан сүүлийн 1 жилийн” гэсэн шаардлагын дагуу тайлан ирүүлээгүй, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгт /ТШӨХ/-ИЙН 4.2, мөн тендерийн хүчинтэй байх хугацаа 45 хоногт хүрэхгүй байгаа нь ТШӨХ-ийн 15.1 дэх заалтуудыг тус тус хангахгүй байхад “Ард даатгал” ХХК-ийг тендерт шалгаруулж, улмаар 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус компанийн хувь эзэмшигч яллагдагч Ц.Таас тус компанийн менежер Э.Мөнхбатаар дамжуулан 5,000,000 /таван сая/төгрөгийг хээл хахуульд авсан
  2. 2016 оны энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2, 3, 4, 6 дугаар багцууд буюу гахайн мах, загас, загасан бүтээгдэхүүн, тахианы мах, борц зэргийг нийлүүлэх тендерт оролцогч “Дүлцэн” ХХК нь үйлдвэрлэгчийн зөвшөөрөл байхгүй, ижил төстэй ажил гэрэгээр гүйцэтгэсэн 1 жилийн мэдээлэл ирүүлээгүй, 2015 оны санхүүгийн тайлан э-бланс Засгийн газрын санхүүгийн нэгдсэн цахим хуудаст нийтлэгдсэн тайлангаас зөрүүтэй, 2015 онд алдагдалтай ажилласан, түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ нь заасан хэмжээнд хүрэхгүй, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтийн /ТШӨХ-ийн/ 18.1 /а/, 18.1 /б/, 18.1 /г/, 18.2 /г/, 18.2 /д/-д заагдсан шаардлагыг тус тус хангаагүй байхад тус компанийн банкны баталгааг тендерийн баримт бичиг нээсний дараа сольж, тендерт шалгаруулан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэхгүй ёсгүй үйлдлийг хийж яллагдагч Б.Алтангэрэл, Б.Л нараас 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хээл хахууль авсан,
  3. 2016 оны энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан дадлага, сургуулийн хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож буй, “Ард даатгал”, “Дүлзэн”, “Алтан гялбаа од” зэрэг компаниудтай хувийн харилцаа тогтоож, тендерт шалгаруулах зорилгоор үнэлгээний хорооны гишүүн Б.Эрхэмбаярт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн хээл хахууль өгсөн,
  4. СЕSКА ZВROJO\/КА модел Z загварын хагас автомат галт зэвсэг, 6,35 мм калибртай 6 ширхэг сум, 7,62 x 39 мм калибртай ган зүрхэвч бүхий 199 ширхэг сум буюу байлдааны галт хэрэгслийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 3-р хороо 25 дугаар байрны ... тоотод байрлах өөрийн гэртээ хууль бусаар хадгалсан гэх хэргүүд үйлдсэн байж болзошгүй тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Тэгвэл энэ хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй этгээд Ж.Алтансүх гэгч нь хэн бэ?

Монгол Улсын иргэн, 1958 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор, эдийн засагч мэргэжилтэй, Батлан хамгаалах яамны сайдын Нийгмийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суудаг, ял шийтгэл авч байгаагүй хүн.

Гэмт  үйлдлийнхээ талаар Ж.Алтансүх: .... Тэр цүнхэнд миний 300-400 орчим мянган төгрөг байснаас өөр мөнгө байгаагүй. Худалдаа хөгжлийн банкны цаасан ууттай 5,000,000 төгрөг ямар учиртай мөнгө болох талаар би мэдэхгүй, Тогтохбаярын явуулсан залуу машин дотор сууж байхдаа баярлалаа гэж хэлээд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь би иймээ тиймээ юм байхгүй шүү гэж хэлсэн. Тэр залуугийн сууж байсан машины суудал дээр миний цүнх байсан. Одоо бодоод байхад тэр залуу надад мэдэгдэлгүй миний цүнхэнд тэр мөнгийг хийсэн юм болов уу гэж бодож байна. Дүлцэн ХХК-ий тендерийн банкны баталгааг солиогүй, анхны байгаагаараа байгаа.

Би ял нэмж сонсгож байгаа тогтоолтой танилцлаа, Нэмж сонсгож байгаа ялын агуулгатай танилцлаа. Би Эрүүгийн 185 зүйлийн 185.1 дэх заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жижигхэн гар бууны хувьд Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Дагвасүрэн гэж хурандаа надад нилээн хэдэн жилийн өмнө бэлэглэж байсан би ойролцоогоор 5 жилийн өмнө байх гэж бодож байна. Энэхүү буу нь албан ёсны миний нэр дээр гэрчилгээтэй, гэрчилгээ нь манай гэрт байгаа, гэхдээ би яг хаана байгааг нь мэдэхгүй байна. Энэхүү бууны дайзанд байсан 6 ширхэг сум нь буутайгаа хамт бэлгэнд ирсэн. Би энэхүү бууг ашиглаж буудлага үйлдэж байгаагүй. Би Жанжин штабаас 2016 оны 04 дүгээр сарын эхээр байх винтов, ППШ маркийн хоёр шиг бууг худалдаж авсан бөгөөд уг бууг худалдан авахад 200 гаран ширхэг сум дагалдаж ирсэн бөгөөд буундаа гэрчилгээ авахдаа буугаа сумтай авчраарай гэхээр нь би хэдэн ширхэг сумны хамт буугаа аваачиж өгсөн. Би энэ хоёр буугаар буудлага үйлдэж үзээгүй. Би буу, сумыг БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газрын зэвсэглэл хариуцсан мэргэжилтэн дэд хурандаагаас хүлээж авсан, би одоо нэрийг нь санахгүй байна. Нэр нь Пүрэвдорж гэж байсан санагдаж байна. Энэхүү бууг хүлээж авахад Жанжин штабаас албан ёсны тушаал гарсан байгаа байх” гэх зэргээр өөрийгөө огт буруугүй хэмээн тайлбарлажээ.

 Гэвч түүний гэм буруутай эсэх нь нотлох баримт, гэрчүүдийн яриагаар батлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл энхийг сахиулагчдаар далимдуулан ашиг хонжоо хайсан Ц.Цолмон сайд асны зөвлөх нь гэм буруутай гэж шүүх үзсэн. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Ж.Алтансүхийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.