Энэ явдал одоогоос 5-6 жилийн өмнө болсон гэх бөгөөд 3 настай хүү өмнөх амьдралаа санаж, бүр яаж үхсэнээ ч тайлбарлаж алуурчнаа зааж өгсөн байна. Уг үйл явдал Сири, Израйлын голд орших Голаны өндөрлөг хэмээх газарт болсон гэдэг.

Үеийнхээ хүүхдүүдээс хавь илүү ухаалаг, сэргэлэн, хэл ярианы хөгжил тун сайн 3 настай хүү аав ээждээ үе үе хачирхалтай зүйлийг ярих болж, тэр нь хосуудыг бага зэрэг айлгаад авдаг байжээ. Хүү өөрийн өмнөх амьдралаа санаж байна, би бүр яаж үхсэнээ ч хэлж өгч чадна хэмээн ярих болж үүнийг нь сонссон аав ээж нь айх, гайхах зэрэгцэж хүүхэд болсон хойно дэггүйтэж байгаа биз хэмээн үл тоогоод орхидог байжээ. Гэвч нэгэн удаа хүүгийн яриа улам бүр ширүүсэж, өнөөх яриагаа минут тутамд хэлдэг болжээ. Ингээд хүүгийн аав, ээж тосгоныхоо зөвлөлд хандаж учир байдлыг тайлбарлаж өгсөн байна. Харин тосгоны зөвлөл хүүгийн яриаг сайтар сонсоод эхэндээ итгээгүй ч хүүгийн санааг тайвшруулахын тулд ярианд нь итгэсэн дүр үзүүлэн байтал хүү "Би хэргийн газар та нарыг аваачиж чадна" гэх нь тэр.

Ингээд тосгоны зөвлөл болоод хүүгийн аав ээж, зарим нэг хөршүүд нь хүүг даган тосгоноос холгүй орших нэгэн балгасны хажууд ирэхэд хүү "Би энд үхсэн" хэмээн яриагаа эхэлжээ. Бүр болоогүй хажууханд нь овоолготой байсан шороог зааж "Үүн доор миний цогцос байгаа" гэсэн нь сүүлдээ хүмүүсийг бага зэрэг айлгаж, жоохон хүүхдийн ярианд итгэж энэ их шороог ухаад сууж байлтай нь биш гээд буцах гэтэл хүүгийн аав "Нэгэнт ирснийх хүүгийнхээ хий гэсэн бүхнийг нь хийгээд санааг нь амраачихья" гэж бодон шороог ухсан байна. Гэтэл үнэхээр шороон доороос хэн нэгний цогцос гараад ирэх нь тэр.

Үүнийг хараад 3 настай хүүгээс бусад нь бүгд цочролд орж, арай ч үгүй байлгүйдээ хэмээн зогстол "Одоо алуурчинг зааж өгөх үү" хэмээн хүү хэлээд тосгонруугаа буцсан бөгөөд тосгоны хамгийн захад байрлах ганц бие эрийн гэрийн үүдэнд очоод түүнийг алуурчин хэмээн нэрийдсэн байна. Үл таних эр ч эхэндээ хүүгийн яриаг үл тоосон байдалтай байсан ч хүүг ярих бүрт царай нь хувирч улмаар яг л гэм хийсэн хүн мэт болжээ. 20 гаруй минут ярьсны эцэст хүү "Бид ноцолдож, чи намайг сүхээр цохисон шүү дээ" гэж хэлээд нулимс дуслуулан гэрийн зүг гүйн оджээ.

Үнэхээр шороон доороос гарч ирсэн цогцсонд сүхээр цохиулсан мэт сорви байсан бөгөөд нас барсан хүн уг тосгонд амьдарч байгаад сураггүй болоод 4 жил болсон нэгэн байсан гэнэ.

Үнэн худал нь үл мэдэгдэх энэхүү яриа хамгийн анх Reddit сайтын форумд нийтлэгдэж, улмаар нийтэд хүрсэн ба үүнээс үүдэн хүний сүнс тухайн хүнийг нас барсны дараа өөр нэгэн биед шилжин ордог, мөн бага насны хүүхдүүд өмнөх амьдралаа санах тохиолдол байдаг, хойд нас үнэхээр байдаг гэх мэт яриануудын нэгэн жишээ болсон байдаг байна..