Цахим бороохойгоор хэнийг ч хамаагүй балбаж, юу ч хамаагүй донгосдог нөхдөд Багабандийн алтан бүс энэ жилийн наадмын өгөөш нь боллоо. Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчийн хар нүдний шилтэй, алтан бүстэй хар машинаас бууж байгаа зураг хаа сайгүй цацагдаж амтай бүхэн шавайгаа ханатал зүхэж, элдэв хоёроор доромжлон санаа нь амрав бололтой.

“Гадныхны гар хөл болсон новш, Оюу толгойн мөнгийг ганцаараа идэж байгаа...” гээд л авч өгсөн. Сошиалаар зүхэж байгаа нөхдийн бичвэрийг харахад Багабанди гэдэг хүн Монголын хөрөнгийг бараг тэр чигээр нь залгисан адгийн амьтан юм байна гэж ойлгогдохоор. Ганц ч гэгээтэй мэдээ байхгүй, тэр чигтээ атаа хорсол, үзэн ядалт хөвөрч байна.

Ингэхэд Багабанди алтан ч байна уу, мөнгөн ч байна уу, ямар нэгэн бүс төрийнхөө наадмаар зүүх эрхгүй, төр түмэнд тийм айхтар гай тарьсан хүн үү. Цахим ертөнцийн “мэргэдэд” ад үзэгдэж, есөн шидээрээ доромжлуулж байгаа Багабанди ардчилсан чөлөөт нийгэмд парламентын засаглал бэхжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан, 1992-1996 онд УИХ-ын даргаар ажилласан эрхэм. Мөн 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өндөр дээд албыг найман жилийн туршид нэр төртэй гүйцэтгэж ирсэн Монгол төрийн тэргүүн юм. “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавьяа зүтгэл”-ийг нь үнэлж Монгол Улсын тэргүүн зэргийн одон-Чингис хаан одонгоор 2011 онд Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойгоор түүнийг шагнаж байсан. Гэтэл өнөө жилийн наадмаар бүсэлсэн бүснээсээ болж төр гэдгийг ч мэдэхгүй, тухайн хүнийхээ байгуулсан гавьяа, туулж ирсэн түүхэн замналыг нь мэдэхгүй захын нөхдөд ингээд боорлуулж байна гэдэг харамсалтай.

Ард түмэн тийм л айхавтар юм бол Багабандийг Ерөнхийлөгч байхад нь, энэхүү улс орны эзэн ноён байхад нь алтан бүс төдийгүй хөрөнгө мөнгө, идсэн уусныг нь шалгуулж, хуулийн дагуу үнэн мөнийг нь илчлэхгүй яасан юм бэ. Нийгэм даяараа шуугиад байгаа алтан бүсийг Ерөнхийлөгч байхдаа бүсэлж байсан юм билээ. Тэр үеийн зураг хөрөг нь гэрчилж байна. Харин одоо бол бүхний зүхээд байгаа Багабанди дарга сайд биш, Их хурлын гишүүн биш. Бусдын адил энгийн нэг иргэн. Далан нас руу дөхөж яваа өвгөн. Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн л байх. Цалин нь гэж шуугьдаг 40 мянган ам.доллар нь л олны атаа хорслыг төрүүлдэг шиг байгаа юм. Тэгэхээр хууль санаачлагч төрийн түшээ биш, эгэл жирийн иргэн түүнийг элдэв дээдээр боорлох нь хэр зохистой бол. Эзэн хаан байхад нь, энэ улсын ноён байхад нь хардаж сэрдээд байгаа, улс орны цөлмөөд дуусчихсан мэтээр яриад байгаа зүйлээ шалгуулах хэрэгтэй байсан юм. Төрийн тэргүүнээ шалгуулдаг, үнэхээр авлига хээл хахууль авсан байна уу, улсын хөрөнгийг хувьдаа завшсан байна уу, эрх мэдэл албан тушаалаа буруугаар ашигласан байна уу гэдгийг тогтоодог жишиг олон улсад бий.

Хамгийн сүүлийн жишээ дурдахад, Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-г төрийн нууц задруулсан, авлига хээл хахууль авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг 18 зүйл ангиар буруутгаж нийт 24 жилийн ял оноон, 17 сая ам.долларын мөнгөн торгууль оногдуулсныг бид мэднэ. Эхлээд тэр Солонгосын шүүхээс 30 жилийн ял сонсч байсан. Ингэж дэлхийн улс орнууд буруутай ерөнхийлөгчөө албан тушаалаас нь огцруулаад ял оноодог. Харин манайд төрийн тэргүүний албанаас буусных нь дараа, ямар ч эрх мэдэлгүй эгэл жирийн иргэн болсных нь дараа муу муухайг нь үзэж, шоронд хорьж тамлан зовоодог. Түүний бэлээхэн жишээ Н.Энхбаяр байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэмээх Монгол төрийн бүх өндөр албан тушаалыг хашсан түүнийг хэрхэн яаж доромжилж, шавар шавхайтай хутгасан билээ.

Төрийн тэргүүн байсан хүний хоёр хөлийг нь гозолзуулаад чирээд явсан цагаас хойших үйл явдлыг анзаарахад монголчуудын төрөө дээдлэх ёсыг зориудаар гутаан доромжилсон мэт харагддаг. “Монголын ард түмэн төр гээд сүйд болоод байдаг бил үү. Та бүхний дээдлээд байдаг төр чинь энэ, хөөрхий чааваас даа” гэж хөлийн уланд гишгэгдсэн ноорхой цаас шиг хэн нэгэн өширхөн дэвслээд, тохуурхаад ч байгаа юм шиг. Ер нь тэгээд хүний шүтдэг шүтээн, эрхэмлэн нандигнадаг зүйлийг нь доромжилно гэдэг маш хорлонтой хийгээд муу үр дагавартай байдаг. Илтээр гутаан доромжилсны үр дүнд хүмүүсийн дээдлэх шүтээн нь эрхэмсэг чанараа алдаж, хувхайрсан мод шиг үнэгүйдэн хэнд ч хэрэггүй болж хувирах нь бий. Хүн гээч амьтан сүслэн дээдлэх шүтээнгүй, өөрийн гэх итгэл үнэмшилгүй болсон цагт адгуус араатан адил зэрэглэгшиж эхэлдэг. Энэ бол хүний амьдралын үнэн юм.

Дэлхийн улс орнууд буруутай ерөнхийлөгчөө албан тушаалаас нь огцруулаад ял оноодог. Харин манайд төрийн тэргүүний албанаас буусных нь дараа, ямар ч эрх мэдэлгүй эгэл жирийн иргэн болсных нь дараа муу муухайг нь үзэж, шоронд хорьж тамлан зовоодог. Түүний бэлээхэн жишээ Н.Энхбаяр байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэмээх Монгол төрийн бүх өндөр албан тушаалыг хашсан түүнийг хэрхэн яаж доромжилж, шавар шавхайтай хутгасан билээ.

Энэ байдал Н.Энхбаяр дээр ч, Н.Багабанди, П.Очирбат гээд төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүд дээр ил тод ажиглагдах болсон. П.Очирбат гуайн хамарны зургийг томоор татаж аваад “ховдгийн гай” гээд цахимаар баахан явуулах нь анхны Ерөнхийлөгчөө зориудаар гутааж байгаа хэрэг. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг ард түмэн хийгээд гадны оронд Монголын төр л гэж хүлээн авна. Тиймээс төрийн тэргүүн байсан хүмүүсийг гутаан доромжлох нь эрхэм дээд төр засгаа гутаан доромжилж байгаатай ижил юм. Одоо бол Ц.Элбэгдорж гэж хүнийг нийтээрээ үзэхгүй жигшиж байна. “Түүнийг цаазлах хэрэгтэй” гэж амтай бүхэн орилж байна. Хамгийн гол нь Ерөнхийлөгч байхад нь, албан үүргээ гүйцэтгэж байхад нь хариуцлага нэхэх хэрэгтэй байсан юм. Одоо мянга орилоод нэмэргүй, зүгээр л хий хоосон шүлс болоод үсэрч байгаа биз дээ.

Дэлхийн улс орнууд төр засгаа ямар эрхэм нандин хэмээн дээдэлдэг билээ. Тэр ч чанараараа тухайн улс гүрнүүдийн төрийн дархлаа бат бэх, ганхашгүй оршиж байдаг. Бусад орны төрийн тэргүүнүүд бүгд бурхан шиг хүмүүс байхгүй нь мэдээж. Алдаа оноотой л байж байдаг. Харин олон мянган жил явж ирсэн төрийн дархлаагаа бодож ард түмэн нь алдаа оноог нь дэнслэн эрхэмлэх нь бий.

Манайд бол төрийн эрхэм чанарыг зориудаар үнэгүйдүүлэх, Монгол төрийг удирдаж ирсэн, ард түмэндээ төр шиг хүндлэгдсэн хүмүүсийн гутаан доромжлох, олон түмэнд шившигтэй байдлаар харагдуулах, нийгмээр нь үзэн ядуулах ийм үйл явц тасралтгүй явж байгаа нь харамсалтай. Энэ бол Монгол төрийг цаашид ямар ч үнэ цэнэгүй болгох гэсэн бодлого ч юм шиг. Үүний нэг баталгаа нь Н.Багабандийн алтан бүс. Уг шалтгаан нь бүсэндээ ч биш юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож Монголын төрийг арав шахам жил тасралтгүй удирдсан хүнийг ард түмнээр нь үзэн ядуулахад гол учир нь байна. Цахим ертөнцийн давалгаанд бодолтой, бодлоготой хандах цаг ирснийг уг үйл явц гэрчилж өглөө.

Д.БАТБОЛД

Өдрийн сонин