М.Энхболдын хамгийн том буруу шийдвэрүүдийн нэг нь гагцхүү танил тал харан, Улаанбаатар хотын орлогч дарга асан Цэндсүрэнгийн хүү, Нийслэлийн Газрын албанд л насаараа ажилласан, улс төр, олон нийтийн харилцах ажлын туршлага тааруу Сандуйг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар томилсон явдал байсан билээ.

Учир нь М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялагдах гол шалтгаануудынх нь нэг болж, улмаар нам дахь нөлөөг нь илт багасгаж, өдгөө бүр өөрийг УИХ-ын даргын албан тушаалаас нь огцруулах гол шалтгаан болж буй "60 тэрбумын бичлэг" гэгчийн гол эзэн нь Ц.Сандуй юм.

2014 он. Ц.Сандуй Нийслэлийн МАН-ын хорооны даргаар 2 жил орчим ажилласан ч  "Аз жаргалтай Улаанбаатар" гэх мэт өндөр төсөвтэй нүсэр атлаа ач холбогдол багатай арга хэмжээ зохиосныг эс тооцвол олигтой хийсэн зүйлгүй ажил хийсэн болж. Намынхан нь ч төдийлэн дэмжихгүй байв.

Ядаж сошиал орчинд ч ажиллах чадвар тааруу байсан тэрээр тухайн үед МАН-ын дарга байсан, өөрийг нь дэмжиж, Нийслэлийн МАН-ын хорооны дарга болгосон М.Энхболдын магтаалыг яаж хүртэх вэ? гэсэн санааширалд автсан байх үед нь Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч А.Ганбаатар ба стратегич Г.Доржзодов нарын Нийслэлийн МАН-ын хорооны НИТХ-ын 2016 оны сонгуульд оролцох стратеги төлөвлөгөө боловсруулж өгөх санал анхаарлыг нь татжээ.

2014.09.08 12:00-13:30 "Шинэ Монгол хаад" групп ХХК-ийн 4 давхарт М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болсон нь өнөөдрийг хүртэл дуулиан тарьж буй мөнөөх бичлэгийн уг шалтгаан билээ.

Г.Доржзодов бичлэгийг задалж, улс төр хийх болсон шалтгаан ч  мөн л Ц.Сандуйтай холбоотой. Гомдсон найз хамгийн аюултай дайсан болдог гэлцдэг.

 Г.Доржзодовын ингэтлээ өс санах болсны шалтгаан ч Ц.Сандуй, А.Ганбаатар нар аман гэрээнээсээ буцаж түүний  ажлын хөлсөнд 50'000 (тавин мянга) төгрөг өгч, доромжилсонтой холбоотой аж.

Үүнээс хойш юу болсныг бид сайн мэднэ.

Хэдийгээр Ц.Сандуй НИТХ-ын тэргүүлэгчдийн даргаасаа огцорсон ч энэ нь түүний тарьсан хэргийн хувьд хариуцлага тооцсон хэрэг огт биш гэдэг нь тодорхой.

Иймээс ч УИХ-ын дарга М.Энхболд түүнтэй уулзах нь бүү хэл харахыг ч хүсэхгүй байгаа тухай зарим эх сурвалжууд өгүүлж байна.

Мөн Ц.Сандуйг МАН-аас хөөх санал гаргаж буй УИХ-ын гишүүд ч бий гэнэ.

Ц.Сандуй  гэр бүлийнхээ тухай: "Аав, ээж хоёулаа хотын захиргаанд ажиллаж байсан. Ж.Цэндсүрэн гэвэл хотын захиргааныхан андахгүй. Хотын даргын орлогч, Сонгинохайрхан дүүргийн анхны Засаг даргаар ажиллаж байсан. Анх 3,4-р хорооллын барилгууд ашиглалтанд орж байхад зохион байгуулалтын гол ажлыг үүрч  байсан хүн. Цаашаа яриад байвал  хотын ахуйн үйлчилгээний анхны дарга, ”Урт цагаан”-ыг анх байгуулж байсан гээд намтар түүх арвинтай. Одоо дал хүрсэн ч ажлаа хийсээр явна. Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч албатай. Ээж маань насаараа Хотын захиргааны Статистикийн товчоонд мэргэжилтэн хийсэн.  Дөрвөн хүүхэд гаргасан учраас эрт тэтгэвэртээ суусан. Тэтгэвэртээ гарчихаад зүгээр суухгүй нарийн боовны цех байгуулж, ажиллуулж байсан. Оюутны амралтаараа  ээжийнхээ бизнест тусалж байлаа. Ийм л ажил хэрэгч, зүгээр сууж чаддаггүй, бидэндээ бол бурхан сайхан хоёр буурал бий. Өвөг дээдэс гэвэл номтой лам хүмүүс байсан. Өвөө маань хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж явсан түүхтэй... Аав ятгаагүй бол би өдийд бизнесмэн болчихсон явах байсан биз. Сургуулиа төгсчихөөд 1995 онд доктор хамгаалах гээд сэдэв авахаар Монголд ирсэн юм. Аав “Миний хүү нам, улс төр гэхгүй төрийн албанд л ор” гэлээ. Бодвол эцэг хүнийхээ хувьд үе уламжлуулаад төрийн албан хаагч болгочихъё гэсэн бодол байсан биз. Тэгээд л нэг өдөр дуудаад Газрын албанд оруулчихсан. Газрын алба байгуулагдахад орсон анхны хорин хэдэн хүний нэг л дээ." гэж ярьжээ.

Түүний ажлын замналын хувьд яриад байх зүйл бага агаад тэрээр 1997-2012 он хүртэл Нийслэлийн Газрын Албанд  ахлах мэргэжилтнээс дарга хүртэл ажилласан байна. Сайн муу ажилласан тухайд ч иргэд өнөөдөр Улаанбаатар хотод газар олголт ямар замбараагүй түвшинд хүрснийг мэдэх тул өөрсдөө хэрхэн дүгнэх нь тодорхой биз.

Ийм л хариуцлаггүй хүнийг дэмжиж, хариуцлагатай албанд томилсныхоо горыг өдгөө М.Энхболд өөрөө мэдэрч суугаа биз.

 

П.Мандах

sonin.mn