Өнгөрсөн долоо хоногт энэ зуны улс төр сэрж, нэлээд үйл явдал өрнөлөө. МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, бага чуулганаа өнөөдөр хийхээр товлосон. Бага чуулганаар нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэх талаар мэдээлээд байна.

МАН-д гишүүдийн ёс зүй, намын эв нэгдэл, 60 тэрбумын асуудал зэрэг олны анхаарлыг татсан олон асуудал бий.

Гэтэл үүнээс илүү Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвшигчээ илгээх нь чухал гэж үзсэн бололтой. Уг нь ёс зүй, улс төрийн соёл гээд яривал нөхөн сонгуульд оролцох нүүр МАН-д бий гэж үү. 42 дугаар тойргийн сонгогчид МАН-д итгээгүй биш итгэл хүлээлгэсэн. Бүр хэн ч танихгүй шахам, хамгийн залуу улс төрчид нь итгэж хууль батлуулахаар илгээсэн. Гэсэн ч парламентын гишүүний хувьд ёс зүйгүй үйлдэл гаргаж, УИХ-ын нэр хүндийг унагаж, тойргийнхоо нэр дэвшигчдийн итгэлийг уландаа гишгэсэн.

Ийм байтал МАН дахин нэгнээ тухайн тойрогт илгээх болсон нь энэ намд ёс зүй гэдэг зүйл угаас байхгүй гэдгийг харуулж байна. Ийнхүү МАН өнөөдөр нөхөн сонгуулийн талаар хэлэлцэж, эрх баригч намаас чухам хэн 42 дугаар тойрогт нэр дэвших вэ гэдэг эхний зураглал гарах байх. Мөн өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд болсон нэг онцлох үйл явдал нь МАН-ын Хяналтын хорооны хурал байв. Хурлаар “60 тэрбумын бичлэгтэй нэр холбогдсон Ц.Сандуй, М.Энхболд, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага тооцохоор болжээ.

Тухайлбал Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг Бага хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг тавьж, УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг Удирдах зөвлөлд танилцуулахаар болсон байна. Хяналтын хорооны дарга Д.Батбаатар “60 тэрбумын бичлэг” дээр бичигдсэн яриа амьдрал дээр хэрэгжээгүй ч намын нэр хүндийг унагаасан хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн.Цаашид 60 тэрбумын бичлэгээр улстөр хийх нь явуургүй болсон” гэдгийг онцолсон юм.

Хяналтын хорооны хурлын энэхүү шийдвэр улс төрийн хүрээнд хэн нэгэнд хаяглагдаж, гал унтраах төдий л арга байв. Ингэлээ гээд МАН доторх тэмцэл намжина гэвэл үгүй л болов уу. Мөн АН өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, эрх баригчид цалин, тэтгэвэр нэмэх, төрийн албан хаагчдын халаа, сэлгээ зэрэг асуудлаар шаардлага хүргүүлэхээр болсон тухайгаа танилцуулсан. ҮБХ-ны хурлыг мөн энэ долоо хоногт хийхээр товлоод байна. АН-ын ҮБХ-ны хурлаар нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгөх ёстой. Улмаар СЕХ наймдугаар нарын 12-ны дотор нам эвслийг бүртгэж батламж олгох юм. МАХН-ын хувьд өнгөрсөн долоодугаар сарын 7-нд бага чуулганаа хуралдуулж, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль оролцоно гэдгээ албан ёсоор зарласан. Харин энэ долоо хоногт МАН, АН хоёр нөхөн сонгуульд ямар байдлаар оролцох нь тодорхой болох юм.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин