Би өнөөдөр өөрийнхөө талаар биш найздаа тохиолдсон ээдрээт амьдралынх нь талаар бусдад сургамж болж нэгийг тунгаагаасай гэж хүсэн бичиж сууна.

Миний найз Монгол хүн биш ээ Хорват улсын иргэн
2004 онд Хорватад зочилсон нэгэн Монгол бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж, эхнэрийгээ даган Монголд ирэн дундаасаа хөөрхөн охинтой болсон билээ. Найз маань инженер болон гал сөнөөгч гэсэн хоёр мэргэжилтэй байсан нь Монголд ирэхэд нь хэрэг болж гал сөнөөх ангид ажилд ороод өрх гэрийн тэргүүнийхээ үүргийг гүйцэтгэн, гэр бүлийнхээ төлөө өдөр шөнөгүй л зүтгэдэг байлаа.
Нэг л өдөр эхнэр нь Монгол залуу дагаад явахад хүний газар ганцаар хаягдсан найз маань аргагүйн эрхэнд нутаг буцсан ч охиноо санаж бэтгэрэхдээ Монголд буцаж ирэн дахин хэдэн жил амьдарсан байгаан. Бүсгүйн ээж нь найзад маань маш сайхан харддаг байсныг энд дурдая. Түүнийг явахад нулимс унагасан ганц хүн нь хадам ээж нь байсан гэнэ лээ.
Энэ хугацаанд сэтгэлийг нь тайтгаруулах нэгэн бүсгүй гарч ирсэн бөгөөд түүндээ дасч нутаг буцахдаа хамт явахыг санал болгосон гэнэ.
Бүсгүй зөвшөөрсөн боловч түүний гэр бүлийнхэн эрс эсэргүүцсэн төдийгүй нэгэн өдөр бүсгүйн ах, эгч хоёр нь ирж түүний хөлийг хугалж, архины шилээр цохиод зогсохгүй гэрийнх нь тв, ком-ийг нь эвдэлж хэмхлээд явсан байгаан. Мөн явахдаа даяар монголчууд групп-ээрээ чамайг хайж алах болохоор одоо ингээд зайл гэсэн байгаан. Найз бүсгүйн гэрийнхэнд төвөг удахгүй гэсэндээ цагдаад мэдэгдэлгүй өнгөрөөсөн гэж надад л хэлсэн л дээ. Өөр бусдад хэлээд яриад байдаггүй дуугуй даруухан талдаа хүн юм.
Гадуур явахад нь зарим залуучууд есөн шидээр дуудаж, дээрэлхэж, дээрэмдэх үе ч гарч байсан л гэсэн.
Одоо найз маань Германд ажилладаг бөгөөд охиныхоо төлөө сайн ажиллах хэрэгтэй гэдэг дээ хөөрхий. Хүүхдээ маш санаж байгаа болохоор дараа жил Монголд очиж уулзана гэсэн.
Хамгийн өрөвдмөөр нь юу гээч. Ингэж Монголчуудад дээрэлхүүлчихээд би Монгол эмэгтэйтэй сууна гэж боддог. Хүүхэдтэй надтай адил амьдрал үзсэн хүн байвал би өөрийн хүүхэд шиг хайрлаж өсгөнө гэж байнга ярьдаг. Монголчууд их хүчирхэг ард түмэн, би 10% Монгол, 90% Хорват хүн гэж надад хэлсэн. Монгол бүсгүйтэй ханилж үр удмаа үлдээсэн болохоор Монголд элэгтэй байдаг. Цайлган л даа цааваас. Хорват улсаар л овоглодог болохоос Монгол эрчүүдийн маань нэгэн адил хүн шүү дээ. Хайрлах сэтгэлтэй, уярдаг, уйлдаг, санадаг адилхан л хүн шүү дээ.
Чамайг гомдоосон нийт Монголчуудынхаа өмнөөс уучлалт гуйя. Чиний залуу насыг чинь үрсэн эхнэр болон чамайг хүн гэж тоогоогүй тэдний гэр бүлийнхэнийх нь өмнөөс уучлаарай гэж дахин2 хэлмээр байна.
Эцэст нь хоёр бие хайртай болоод нийлж байхад эцэг эх, ах эгч нь битгий оролцож байгаач дээ. Мөн Монгол улсын маань нэр л гарах болохоор энд тэндхийн гадаадуудтай эвтэйхэн харьцаж байгаач дээ залуучууд минь. Энэ хүнтэй манай ах хамт ажилладаг байсан юм. Ахаас минь өөрцгүй л санагддаг юм. (Постон дээр найз гэж бичив)