УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр Улсын их хурлын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсанаар Монголын улс төрд нөхөн сонгууль хийх нөхцөл бүрдэж, өчигдөр улс төрийн хүчнүүд бүтцийн байгууллагуудынхаа хурлыг хийж Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоо илэрхийллээ.

Одоогоор энэхүү нөхөн сонгуульд улс төрийн 4 хүчин өрсөлдөхөөр сонгуулийн төв байгууллагад хүсэлтээ өгөөд байна. Харин нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ хараахан шийдээгүй бололтой.

   Нэр дэвшигчдийг зарлах хуулийн хугацаа болоогүй байгаа ч улс төрийн хүчнүүд нэр дэвшигчээ дотооддоо тодруулж эхэлсэн нь тодорхой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар хоёроос сонголт хийх бол МАХН-аас тус намын дарга МУ-ын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, намын дэд дарга С.Ганбаатар нарын нэг өрсөлдөх нь тодорхой. Харин эрх баригч намаас намын даргын нэр яригдаж байгаа ч, нэр дэвшихгүй бол хашир туршлагатай улс төрч, УИХ-д 3 удаа сонгогдож байсан одоо тус аймгийн засаг даргаар чамгүй сайн ажиллаж байгаа гэх Н.Ганбямба, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд даргаар 2012-2016 онд ажиллаж байсан, одоо Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат нарын нэр яригдаж байгаа ажээ.

   Мэдээж дээрхи нэр дэвшигчдын нэрс бол эх сурвалжуудын мэдээлж буй таамаг төдий нэрс бөгөөд тун удахгүй өрсөлдөгчдийн нэрс тодорхой болох юм.