Энэ сарын 8-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М. Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. 

Энэ шүүх хурлын дараа цахим ертөнцөөр Мурат гишүүн болоод хохирогч гэгдэх Бахытгүл нарын талаар эгдүүцэл, бас шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн элдэв сэтгэгдэл ихээр гарч байгаа.  Энэ шийдвэрийн талаар олон нийт буруу ойлголттой яваа гэдгийг хуулийн мэргэжилтнүүд ийн тайлбарлаж байна.

Болж өнгөрсөн шүүх хурал иргэн Д.Мурат бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан эсэхийг л хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл өнөөх элдэв юмны зураг, эсвэл бэлгийн хүчирхийлэл зэргийн талаар огт хэлэлцээгүй гэсэн үг. Анх хэрэг үүсгэсэн, шалгасан нь Д.Мурат хүн зодсон уу, үгүй юу гэдгийг тогтоохын тулд явагдсан, тийм байдал тогтоогдоогүй тул цагааджээ.

Одоо харин энэ сарын 15-нд энэ хэрэгтэй холбоотой гол асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах бөгөөд тус хурлаар олны дунд яригдаад буй зургийн учир начир тайлагдах аж. Үүнээс гадна тус шүүх хурлаар хэргийг ил болгон олон нийтэд мэдээлсэн гэх сэтгүүлчийг буруутган хувь хүний нууцад халдсан гэх хэрэгт мөн буруутгаад байгаа билээ. Ямартаа ч Мурат гишүүнтэй холбоотой нууц зургийн асуудал 15-ны шүүх хурлаар тодорхой болох юм. 

С.Отгон