УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 8-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж УИХ-ын дарга М.Энхболдод хугацаатай шаардлагыг өгсөн. 

Тодруулбал, энэ сарын 20-ны дотор 60 тэрбумын ярианд оролцсон гэдэг асуудлаар ард түмнээс уучлалт гуйх, өөрийн санаачлагаар 60 тэрбумын хэргийг сэргээлгэх, ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулах гэсэн гурван шаардлагыг тавьсан юм. Л.Оюун-Эрдэнийн шаардлагын хугацаа ирэх долоо хоногийн даваа гаригт дуусна.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд намынхаа удирдлагуудтай уулзаж ярилцаад Л.Оюун-Эрдэнийн дээрх шаардлагыг хүлээн авч, заримыг нь биелүүлэхээр болсон байна.

Ингэхдээ намынхандаа энэ сарын 20-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмнээс уучлалт гуйна гэжээ.  Харин ээлжит бус чуулганы тухайд УИХ-ын даргын зөвлөлийг дахин хуралдуулж байж шийдвэр гаргахаар тохирсон байна.