УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолын дагуу Сонгуулийн ерөнхий хороо, улс төрийн намууд хуулийн дагуу бэлтгэл ажлаа хангаад явж байна.

Шаардагдах төсөв мөнгө батлагдаж, СЕХ нөхөн сонгуульд оролцох намуудыг бүртгээд байгаа юм. Гэвч ирэх аравдугаар сарын 7-нд товлогдоод байгаа нөхөн сонгууль хууль зөрчсөн гэж гурван иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасныг өнөөдөр дунд суудлын хуралдаанаар хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нөхөн сонгуульд нөлөөлж мэднэ хэмээн улс төрийн намууд эсэргүүцсэн байр сууриа удаа дараа илэрхийлж буй.

Нөхөн сонгууль болон цаг үеийн асуудлаар МАХН, Монголын ногоон нам, Иргэний зориг ногоон нам, МҮАН хамтран мэдэгдэл гаргаж, байр сууриа илэрхийллээ.

 

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч: ТҮР ХОРОО БАЙГУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА

 

-Манай дөрвөн нам хамтарсан мэдэгдэл гаргалаа. Монгол төр эзэнгүй айл шиг болоод удаж байна. Төр засаг сүүлийн 100 жилд тохиолдоогүй гүн гүнзгий хямралд орж, төрийн алба эмх цэгцээ алдаж, гэмт хэрэгтнүүд сүрэглэн шургадаг, хууль бус үйлдлээ хамгаалуулдаг цайз болон хувирлаа. Төрийн албыг ээлжлэн барьж ирсэн МАНАН-гаас болж ард түмэн ажил амьдралаараа хохирч байна. Монголын төр сонгуулиас сонгуульд улам сульдан эзгүйрч, зөвхөн нам дамжсан бүлэглэл хоорондын наанаа тэмцэж байгаа нэртэй жүжиглэдэг цаагуураа үгсэн хуйвалдаж, ард түмэн эх орныхоо баялгыг иддэг газар болон хувирчээ. МАНАН эрх мэдлээ авч үлдэхийн тулд өрсөлдөгч намууд, хүмүүсийг сонгуульд оролцуулахгүй байхын тулд элдэв янзын саад бэрхшээл учруулсаар байна. Ард түмнээс айсандаа Үндсэн хуулийн цэц мэт хууль шүүхийн байгууллагыг ашиглан нөхөн сонгууль болгохгүй гэж улайран зүтгэж байна.  Манай намууд өнөөгийн улс төрийн  нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж УИХ-ийн ээлжит бус чуулганыг хуралдуулж дараах асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэхийг шаардаж байна.  60 тэрбумын луйвар булхайн талаар олон түмэнд нээлттэй сонсгол хийх, хүн хулгайлах, төрийн яаманд хүний амийг бүрэлгэх энэ үйл ажиллагааг далдуур өөгшүүлсэн явдлыг таслан зогсоохыг хүсээгүй, чадаагүй Засгийн газрыг нэн даруй огцруулж хариуцлага хүлээлгэх. Мөн Засгийн газар үндсэн хуулийг зөрчиж, УИХ-ын бүрэн эрхэнд халдан төр засгийн байгууллагыг санаатайгаар удаан хугацаагаар бүрэн эзгүй байлгаж байгаа, Оюу толгойн гэрээг цуцлах, эсвэл ард түмний дунд санал асуулга явуулах, Шинэ дээд хуулийг боловсруулан ард түмнээр хэлэлцүүлэн батлах, Түр хороог улс төрийн намууд, иргэний нийгмийн төлөөл­лүүдтэйгээр хамтран бай­гуу­лахыг шаардаж байна.

 

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТЫГ ХОНОГ АЛДАЛГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ

 

-Нөхөн сонгууль болно гэдэг нь ойлгомжтой байсан. Харамсалтай нь МАН-аас олонх бүрдсэн УИХ хойшлуулсаар байгаад зургаан сарын 28-ны өдөр тогтоол шийдвэр  гарсан. Үүнийг далимдуулж төрийн албан хаагч нэр дэвших эрхийг хаалаа гэсэн маягтайгаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа. Хэлбэр талаас нь харвал төрийн албанд ажиллаж байгаа мундаг хүн дэвших гээд байгаа юм шиг. Гэвч төрийн албанд ажиллаж байгаад зургаан сарын өмнө ажлаа өгөөд 42 дугаар тойрогт нэр дэвших тэр мундаг хүн нь хаана байна вэ. Төрийн алба бүхэлдээ нэгийнхээ амийг хөнөөсөн, хүн хулгайлсан, хээл хахууль авсан, идэж уусан нь илэрч байна. Тэгэхээр нь энэ бол төрийн албан хаагчийг нэр дэвшүүлэх гэж байгаа  биш далимдуулж сонгуулийг хойшлуулах,  цаад санаа нь бол 2020 он хүртэл сонгууль хийхгүй  байх арга. Эрх баригчид ийм увайгүй арга сэдээд Үндсэн хуулийн цэцэд даалгавар өгч, цэц нь тэдгээрийг шийддэг хүн болоод сууж байна.

Ард түмэн төр засгаа эмхлэн байгуулна гэдэг бол Үндсэн хуулийн гол зарчим. Ард түмэн төр засгийг барихдаа шууд санал асуулгаар шийдэж болно. Эсвэл төлөөнийхөө УИХ-ын гишүүн юм уу аймаг орон нутгийн хүмүүсээр дамжуулан эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Хэнтий аймгийн сонгогчид нэг ч хоног төлөөлөгчгүй байж болохгүй. Гэтэл сонгогчдыг олон хоног сараар төлөөлөх хүнгүй байлгана гэдэг нь ард түмэн төр засгаа барих ёстой гэсэн Үндсэн хуулийн зарчмыг ноцтойгоор зөрчиж байна. Тиймээс үнэхээр төрийн албанд мундаг хүмүүс байгаа бол нөхөн сонгуульд заавал зургаан сарын өмнө ажлаа өгнө гэхгүйгээр шийдвэр гарч, сонгууль зарлагдал бол  нэр дэвшиг. Мөн намууд ч нэр дэвшүүлэх үйл ажиллаагаагаа явуулна биз. Сонгуулийг яаралтай явуулж Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт амьдарч байгаа хүмүүсийг УИХ-д төлөөлөлтэй болгож ард түмэн төр засгийн эрх мэдлийг барина гэсэн Үндсэн хуулийн заалтыг хоног алдалгүй хэрэгжүүлэхийг шаардаж байна.  Гэтэл элдэв саад бэрхшээл учруулж, өмнө нь  хүнийг нь хасдаг байсан бол дараа намыг нь сүүлдээ сонгуулийг нь хасдаг болж байна.

Мөн Оюутолгойн гэрээг ард түмнээс асуух цаг болсон. Ард түмнийг шүүдэг шүүх дэлхийд байхгүй. Тухайн орны ард түмэн өөрийн нутаг дэвсгэр дээрээ байгаа баялгийг захиран зарцуулах бүрэн  эрхтэй гэсэн НҮБ-ын тогтоол бий.

Зам, тээврийн хөгжлийн яаман дээр болсон хэргээс болж сайд, дарга нарыг өөрчилсөн нь хангалтгүй. Нэг нь 3-4 цаг зодуулаад үхэж байхад төрийн хамгаалалтын нэг ч хүн дуугардаггүй, нэг ч хүн хамгаалдаггүй. Сайд нь ажлаа өг гэхэд нь үүрэг даалгавар биелүүлж байна гээд зодож хэрэгжүүлж байгаа нь  төрийн алба яаж завхарсны тод жишээ. Засгийн газар сайдыг солихын тулд УИХ-д өргөн барьдаг болохоос оронд нь хүн томилох нь Засгийн газрын эрх мэдлийн асуудал биш. Тэгэхээр Зам, тээврийн хөгжлийн яамыг санаатайгаар эзгүй байлгаж Үндсэн хууль зөрчиж байна. Тэнд болж байгаа тушаал шийдвэр, захиран зарцуулалт бүгд хууль бус. Яаралтай ээлжит бус чуулган зарлаж асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй.

60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол хийх хэрэгтэй. Засгийн газартай хариуцлага тооцож, Оюутолгойн гэрээг ард түмнээс асууя гэдгийг дахин хэлмээр байна. Энэ бүхнийг ганц хоёр хүнтэй холбохоос илүү гаж тогтолцооны алдаа юм. Тиймээс Үндсэн хуулиа өөрчилж гаж тогтолцоогоо засъя. УИХ нэр хүндтэй хүмүүс, иргэний байгууллага, хэвлэл мэдээлэл гээд бүх талыг оролцуулсан түр хороо байгуулья. Хэрэв Монгол Улсаа сэргээхгүй, сэргээхийг  хүсэхгүй байгаа бол бид УИХ-ыг тараах санал асуулгыг улс орон даяар явуулна.

Мэдээж нөхөн сон­гуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг намаараа шийднэ.  Хэн нэр дэвшсэн ч  ялахын төлөө ажиллана. Яагаад гэвэл МАНАН-г ялахгүй бол Монгол ялагдах нь ээ. Тийм учраас бид МАНАН-г ялахын төлөө, манангийн толгой дээр байгаа олигархиудыг ялахын төлөө энэ сонгуульд ард түмэнтэйгээ хамтарна. Энэ бол зөвхөн Хэнтий аймгийн сонгууль биш Монголын ард түмний сонгууль.

 

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг:  СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХЭНД НОЦТОЙ ХАЛДАЖ БАЙНА

 

-Манай намыг зарлагын тайлан өгөөгүй гэдэг шалтгаанаар Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзсан. Энэ нь сонгох, сонгогдох эрхэнд ноцтой халдаж буй хэлбэр. Сонгуулийн ерөнхий хороо шүүх байгууллага болж хувирсан байна. Шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг, намын дотоод үйл хэрэгт оролцдог зэрэг улс төрийн намын үйл ажиллагаанд илт халдах болсон. Нэр дэвшигчийн болон намын зарлагын тайлан гэж хоёр төрөл. Манай намын нэр дэвшигч тухайн үед зарлагын тайлангаа аудитаар баталгаажуулаад хуулийн хугацаанд нь өгсөн байдаг.

 

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ ЯАРАЛТАЙ БАТАЛЪЯ

 

-Монгол төр дампуураад удаж байна. Өнөөдрийн нийгэмд тулгамдсан ядуурал, архидалт, нийгэм, төрийн хямралыг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэх ямар ч боломжгүй. Тийм учраас Үндсэн хуулиа өөрчилж монгол айл, хүн бүрийг хөгжүүлж, чинээлэг боловсролтой болгох Үндсэн хуультай болох нь амин чухал асуудал болоод байна. МАНАН-гийн хамтран байгуулсан УИХ тарж, түр хороо байгуулж орон даяар төлөөлөгчдийг цуглуулж шинэ хуулийг яаралтай батлуулах ёстой. Ингэхгүй бол бүх салбарт заналхийлж эхэллээ.

 

С.УЯНГА, Э.АРИУНЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин