Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр “Хурд”-аар овоглосон барилгуудаас өнгөрөгч таван жилийн хугацаанд долоон хүн амь насаа алдсаныг гүйцэтгэгч компанийн эзэд нь илчлэв. Уг нь тэд “Хурд”-ын эзэн Б.Чойжилсүрэнг дээрх хүмүүсийн үхэлд буруугүй гэдгийг хэлэхээр ирсэн ч эсрэгээрээ хичнээн хүний амиар тэнгэр баганадсан өндөр барилга барьж, ашиг олж байгааг нь олон нийтэд дэлгэсэн нь энэ.

Нийслэлийн байршил сайтай газар бүхэнд “Рапид харш”, “Хүннү”, “Нарны хотхон” хороолол зэрэг “Хурд” группээр овоглосон барилгууд сүндэрлэн буй. Гэвч “Хурд” нэртэй энэ компанийн барилгын талбайд олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон нь харамсалтай. Хамгийн сүүлд гэхэд “Хурд” группийн барилгын хашаанд краны тросс тасарч 17 настай хүү амиа алдсан юм.

Хүний амь эрстэж, барилгын талбайд осол гарч л байдаг юм гэсэн байдлаар Б.Чойжилсүрэн гишүүн ч өнөөдрийг хүртэл ил гарч, олон нийтийн өмнө талийгчдын ар гэрээс уучлал гуйж байсангүй. Тэр бүү хэл, хуулийн байгууллагад ч шалгагдаж байгаагүйг гүйцэтгэгч компанийн эзэд хэлж байна. Тухайлбал, “Шинэ мөнхдөл” ХХК-ийн захирал Баттөр “2013 онд манай барилгын талбай дээр гэнэтийн осол болж, кранд цохиулж хүн гэмтэж байсан. Тухайн үед хэрэг үүсч, хэрэг шийдэгдэж, хуулийн хариуцлагаа манай байгууллага хүлээсэн” гэсэн бол “Энхдэлгэр” компанийн захирал н.Бат-Эрдэнэ “2012 онд даац хэтэрсний улмаас кран унаж, хүний амь эрсэдсэн. Үүнд Булган гэдэг компани хариуцлагаа хүлээсэн байдаг” гэсэн юм. Мөн “Буянт бор хайрхан” ХХК-ийн захирал н.Лхагва “2015 онд Нарны хорооллын 18-р байранд ажил үүргээ гүйцэтгэж явсан ажилтан санамсар болгоомжгүй байдлаасаа цахилгаанд цохиулсан осол гарсан. Бид тухайн үед хариуцлага хүлээж байсан” гэх байдлаар тайлбарласан нь Б.Чойжилсүрэн гишүүн барилгын талбайд хүний алтан амь эрсдээд байхад огтхон ч тоогоогүйн илрэл.

Харин ч өдрөөс өдөрт өнгө зүс нэмж, албан тушаал ахиж, Сангийн сайдын сэнтийд хүртэл тухлаад амжсан биз. Хэдэн тэрбумаар хэмжигдэх орлоготой тэрбээр хадгаламжиндаа гэхэд 295564.43 мянган төгрөгтэй, 27 компанийн хувьцаа эзэмшигч. Шулуухан хэлэхэд, ил байгаа хөрөнгө орлого нь л энэ.

Өнгөрсөн онд барилгатай холбоотой 18 осол гарч 11 хүний алтан амь шавар, тоосгонд шингэжээ. Харин нийслэлийн хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн амь насаа алдсан байна.

Ихэвчлэн дээрхийн жишгээр гүйцэтгэгч байгууллага хариуцлага хүлээдэг бөгөөд хохирогчийн талд нөхөн төлбөр өгч, тохиролцож чадвал мөнгөн торгууль төлөөд хэргээс мултардаг аж. Энэ жишиг “Хурд” компанид ч амжилттай хэрэгжиж гүйцэтгэгч компани бүхий л хариуцлагыг үүрч, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд ширхэг тоос ч нялзаалгүйгээр өнгөрдөг байна. Хууль тогтоох дээд байгууллагад суугаа эрхэм гишүүнд ёс зүй, хүн чанар гэж байдагсан бол гүйцэтгэгч компаниудаар туг тахиж, өөрөөсөө уучлал гуйлгахын оронд хохирогчийн ар гэрээс хүлцэл өчиж, хариуцлага хүлээвэл яасан юм бэ.

niigmiintoli.mn