Энэ сарын 9-нд Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал  Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын дарга Т.Гомбосүрэнг онц хэрцгийгээр зодон, амь насыг нь хөнөөсөн аймшигтай хэрэг гарсан билээ.

Иймээс ч Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаж, түүний үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшин түр орлон гүйцэтгэж буй билээ. Үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн дараагийн сайдыг УИХ томилох учиртай болоод байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Х.Болорчулуун нарын нэгийг Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвшүүлж магадгүй байгаа аж.

Харин УИХ дахь МАН-ын 32-ын бүлгийн хувьд Ж.Бат-Эрдэнэ нь манай бүлгийн гишүүн байсан тул дараагийн сайд ч манай бүлгээс л тодрох ёстой гэж үзэж буйгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дуулгасан байна. Энэ тохиолдолд Я.Содбаатар, Х.Болорчулуун нар "33"-ын бүлгийн төлөөлөл тул Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвших боломжгүй болох юм.

Тэр бүү хэл УИХ дахь МАН-ын 32-ын бүлэг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг Зам Тээврийн Хөгжлийн Сайдад хамгийн сайн тохирох боломжит кандитат гэж үзэж буй аж. Хэрэв түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшүүлж, УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжин, Зам Тээврийн Хөгжлийн сайдаар томилсон тохиолдолд "М-Си-Эс" угшилтай улс төрч хүн  Ерөнхийлөгч Х.Баттулгын ажиллаж байсан яамны сайд болох юм.

 

Л.Энх-Амгалан нь ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, АНУ-ын Дакотогийн их сургууль, БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй.

1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга,

1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч,

1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч

2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх,

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга

2017 оноос Монгол Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж буй нэгэн билээ. 

 

П.Мандах

sonin.mn