Энэ он гарсаар шатахуун буюу бензиний үнэ нэлээд тогтворгүй байсаар байна. Оны дараахан нэмэгдсэн бол цагаан сартай зэрэгцээд мөн л нэмэгдсэн.

Тэгвэл энэ зун наадам болохтой зэрэгцээд мөн л нэмэгдсэн. Бидний хамгийн ихээр хэрэглэдэг АИ-92 бензин ихэнх шатахуун түгээх станцуудаар литр нь 1830 төгрөгөөр борлуулж байгаа. Гэхдээ өнгөрсөн долоо хоногоос эхлэн зарим нэг шатахуун импортлогч компаниуд 1850 болгон үнээ нэмжээ. Одоогоор МТ болон Петровис компанийн зарим салбар шатахуун түгээх газрууд ийм үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

Иргэд бензиний үнийн өсөлтийн талаар ярьж байгаа ч тоож байгаа эрх мэдэлтэн алга. Харин энэ байдлыг ашиглан шатахуун импортлогчид дасган дурлуулна гэдэг шиг нэг нэгээрээ үнээ нэмсээр. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумьяабазар өнгөрсөн зургаадугаар сарын 6-ны өдөр “Одоо дахиж шатахууны үнийг нэмэхгүй, буурах ёстой. Өмнөх шиг худлаа хэлбэл би хариуцлага тооцож чадна” гэх амлалтыг өгч байсан. 

Гэтэл сар гаруйханы дараа буюу Наадмын өмнөхөн ШТС-уудад АИ-92 бензинийг 1830 төгрөг болгосон. Энэ асуудлаас болж иргэд бухимдаж, ногоон гэрэл асах үед гарцан дээр эсэргүүцлийн лоозон барин жагсаж цагдаатай шөргөөцөлдөөд ч авсан. Гэтэл тэр үед төрийн томчуудын дундаас импортлогчидтой хариуцлага тооцох тухай нэг ч үг сонсогдоогүй. Наадам өнгөрсний дараа ч ШТС-ууд баруун аймгуудад бензиний үнийг нэмж, өдгөө Увс, Ховдын захын сумдаар АИ-92-ыг 2000 төгрөгөөр борлуулж байгаа.

Одоо нийслэл хотод өвөлжилтийн бэлтгэл ажил эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд шатахууны хэрэглээ ч бас нэмэгдэнэ. Гэтэл энэ байдлаар бензиний үнэ чимээгүй нэмэгдсээр байх уу.