Ерөнхийлөгч болоод УИХ-ын 26 гишүүн ээлжит бус чуулган зарлах, АТГ-ын удирдлагын асуудлыг хэлэлцэх саналыг  УИХ-ын даргад хүргүүлээд байгаа юм.

Энэ дагуу Их хурлын дарга Хуульзүйн байнгын хороог хуралдуулах чиглэл өгч  өнгөрсөн долоо хоногт хоёр ч удаа хуралдааны цаг товлоод гишүүдийн ирц бүрдсэнгүй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сарын 20-ноос хойш хуралдах оролдлого хийгээд бүтэхгүй байгаа гэх. Хуульзүйн байнгын хороонд харьяалагддаг 18 гишүүний 10 нь картаа уншуулж байж хуралдах боломжтой. Гэвч өнгөрсөн сарын 20-ноос хойш арван удаа ирцийн бүртгэл авсан ч 10 гишүүн цугларсангүй. Наймдугаар сар гарчихсан гишүүд тойрогтоо ажиллаж, чуулганы завсарлагаанаар гадаад дотоодод явсан байна. Тэр болгонд 4-5 гишүүн л хотод байсан гэдгийг байнгын хорооны дарга хэлсэн юм.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт зарласан байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүйн улмаас тарсан. Энэ үеэр Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Таван гишүүн гадагшаа явсан бол дөрвөн гишүүн тойрогтоо ажиллаж байна. Өнөөдөр бас хоёр, гурван гишүүн тойрог руугаа явсан. Тиймээс ирц бүрдэх ямар ч боломжгүй. Ирц бүрдэнгүүт хурал зарлахад бэлэн” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Хуульзүйн байнгын хороонд Ш.Раднаасэд Ж.Батзандан О.Батнасан Л.Болд С.Бямбацогт Ж.Ганбаатар Д.Ган­болд Ц.Гарамжав Б.Дэлгэр­сайхан Л.Мөнхбаатар Ц.Мөнх-Оргил Х.Ням­баатар Ц.Нямдорж Н.Оюун­дарь Б.Пүрэвдорж Н.Учрал Л.Энхболд С.Эрдэнэ нарын гишүүд харьяалагддаг.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт 11 гишүүн гадаад, дотоодод томилолттой байсан бол өчигдрийн байдлаар хангалттай ирц бүрдэхээр байв. Гишүүдийн хэн хаана яваа. Өөрөөр хэлбэл, ойрын хугацаанд ирц бүрдэх боломжтой эсэхийг өөрөөс нь болон албаны, ойрын эх сурвалжаас нь тодруулахад 18 гишүүний 11  нь хотод байгаа гэх хариултыг өглөө. Харин Л.Болд, Л.Энхболд нарын гишүүд гадаадад томилолтой яваа аж. Мөн Н.Оюундарь гишүүн тойрогтоо ажиллаж байгаад  өнөөдөр /өчигдөр/ хотод ирлээ гэсэн мэдээллийг өгсөн юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА