Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс Оюу толгойн төсөлтэй холбогдуулж Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан нарыг баривчилж хорьсон. Түүнчлэн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг гадаадаас дуудан авчирч мэдүүлэг авч байцаасан билээ.

Тус эрхэмүүд хорих 461 дүгээр ангиас батлан даалтад гараад удаагүй байна. Энэ хүмүүс одоогоор хаана, юу хийж явааг тодрууллаа.

С.БАЯР БАРУУН АЙМГУУДААР АЯЛЖ ЯВААД ИРЖЭЭ

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан С.Баярыг Оюу толгойн төслийн гэрээтэй холбогдуулан яллагдагчаар татан шалгасан. Энэ хооронд түүний хууч өвчин сэдэрч, эрүүл мэнд нь муудсанаас болж батлан даалтад гарсан.

Экс Ерөнхий сайд суллагдсаныхаа дараа агаар салхинд гарч биеэ тэнхрүүлж байгаа гэнэ. Гэхдээ зөвхөн амраад хэвтээд байлгүй ойрын хүмүүстэйгээ баруун аймгуудаар аялжээ. Тэрээр Завхан, Хөвсгөл аймгаар хэд хоног амраад ирсэн байна. Ойрын өдрүүдэд С.Баяр ихэвчлэн зусландаа байгаа бололтой.

Энэ үеэрээ намдаа өрнөж буй үйл явдлуудад оролцож байгаа гэдгийг ойрын эх сурвалжууд нь хэлж байна. Түүнчлэн зусландаа зочид хүлээн авч, шаардлагатай бол шөнө оройн цагаар хотын төвөөр ирж уулзалт зохион байгуулчихаад буцдаг байна. Түүнтэй уулзах хүсэлтэй хүмүүсийг олон жил ойр дотно яваа, нутгийнх нь дүү, УИХ-ын шинэхэн гишүүн нэгэн холбож өгдөг байна.

Ч.САЙХАНБИЛЭГ ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛТАЙ УУЛЗЖЭЭ

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Хорих 461 дүгээр ангид хоригдож байх хугацаандаа хууч өвчин нь сэдэрч хагалгаанд орсон билээ. Тэрээр энэ зун биеэ тордож, тэнхрүүлэх талаар багагүй “ажиллаж” байгаа юм байна. Саяхан Архангайн Цэнхэрийн халуун рашаанд хэд хоноод иржээ. Уг рашаан нь Япон эзэнтэй, үнэ хөлс нь чамгүй өндөр дуулддаг. Экс Ерөнхий сайд зөвхөн биеэ тордоод зогсохгүй суллагдсаныхаа дараа “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой хотын төвд уулзаж байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.

С.БАЯРЦОГТ ҮЕРИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ АРИЛГАХАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ

Сангийн сайд асан С.Баярцогт Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан байцаагдсан. Тэрбээр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа бусдад илт давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж, 74 хоног саатуулагдсан билээ.

Энэ хугацаанд арав гаруй килограмм турсан гэдгийг өмгөөлөгч нь мэдээлж байсан удаатай. С.Баярцогт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул билээ.

Тэрээр зуны хэдэн сарыг төрсөн нутагтаа өнгөрөөж байгаа гэнэ. Энэ үеэрээ экс гишүүн төрсөн нутагтаа үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох ажилд гар бие оролцон, удирдлагуудтай нь уулзаж, мөнгөн тусламж үзүүлжээ.

Б.БЯМБАСАЙХАН “DIS­COVER MONGOLIA” ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

“Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан батлан даалтад гарч Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ. Түүний удирддаг Монголын бизнесийн зөвлөл энэ жил Монголын Уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран “Discover Mongolia” Уул уурхайн чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Тэрээр тус ажилд ханцуй шамлан орсон байна.

Түүнчлэн өөрийн сэргээгдэх эрчим хүчний “Нова Терра” компаний үйл ажиллагааг үргэлжлүүлж яваа сурагтай. Уг компани нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажилладаг бөгөөд “Азийн супер сүлжээ” төслийн судалгааны ажлуудыг нь хийж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин