Манай улсын Боловсролын салбарт маш олон хүндрэл байгаагийн нэг сургууль цэцэрлэгийн орон тооны дутмаг байдал билээ. Сүүлийн 10 гаруй жил нийслэлийг зорих ирж, суурьшигчдын тоо эрс нэмэгдсэн учир сургуульд болон цэцэрлэгт анги дүүргэлт хэт их нэмэгдсэн.

Үүнээс гадна аль сайн гэсэн сургуульд эцэг, эхчүүд харьяалал хамаарахгүй оруулах гэснээс норм журманд заасан тооноос их сурагч нэг ангид суралцах болсон. Тиймээс хотын захын зарим сургуулиудад шөнийн анги буюу гуравдугаар ээлжийн анги бий болсон. Шөнийн анги гэж нэрлэсний учир нь сурагчдын хичээл 16 цагаас эхэлж, оройн 19-20 цагийн орчим тардаг ба өвлийн цагт харанхуйд гэртээ харьдаг гэсэн үг. 

Энэ жил нийт 1435 цэцэрлэг, 814 сургууль үйл ажиллагаа явуулахаас төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн цэцэрлэг наймаар, сургуулийн тоо 16-гаар нэмэгдэж байна. Гэвч сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тоо өссөөр л байдаг. Жишээ нь, өнгөрсөн жилтэй харьцуулахад Ерөнхий боловсролын сургуульд суралцах хүүхдийн тоо 2.4 мянгаар, нэгдүгээр ангид орох хүүхдийн тоо 8.2 мянгаар тус тус нэмэгдсэн гэсэн дүн гарсан.

Энэ мэтээр боловсролын салбарын асуудал хөвөрсөн хэвээр. Жилийн жилд л шинээр сургууль, цэцэрлэгт орох хүүхдээ яах уу гэсэн эцэг эхчүүд байсаар. Зарим нь үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулахын тулд хахууль өгдөг болсныг хүн бүр мэддэг ч арга хэмжээ авах нь тэр бүр байхгүй. 

Боловсролын яамны сайд нь энэ талаар саяхан ам нээж, мөнгө, авлига авч хүүхдийг хүлээж авдаг сургууль, цэцэрлэг байгаа бол баримттайгаа манай яаманд хандахыг уриалъя. Би багш нарыгаа авлига авдаг гэж бодохгүй байна. Үнэхээр ийм үйлдэл гаргадаг төрийн албан хаагч байвал шууд хариуцлага тооцоход бэлэн. Ингэж байж бид багш нарынхаа, салбарынхаа нэр хүндийг цэвэрлэнэ. Эрэлт өндөр байгаа зовлонгоос бид ирэх жилээс салж эхэлнэ. Хүүхэд бүр цэцэрлэг, сургуульд явдаг болно. Ямар ч арын хаалга гэх зүйл алга болно. Манай сургууль, цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлээч гэж гуйх түвшинд хүртэл хүүхдүүдийнхээ тоогоор цэцэрлэг, сургуулийн суудалтай болно гэж бид зорьж байна. Энэ бол манай Засгийн газрын чухал зорилтуудын нэг хэмээн ярьсан юм.

Ямартаа ч амны билгээс ашдын билэг гэдэг шиг энэ яриа нь үнэн бол ирэх жилээс хүүхдээ гуйгуулж тэр сургуульд нь оруулах юмсан даа. Бас авилгал авч сургуульд оруулдаг газруудаа өөрсдөө мэдэж байгаа ч нүдэн балай битгий байгаасай. 

С.Отгон