Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж, амь насаа алдсан хэрэг гарсан билээ.

Хэргийг Нийслэлийн цагдаа болон онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэсгээс шалгаж байгаа бөгөөд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хариу гараагүй ажээ. Үүгээр ч зогсохгүй мөрдөн байцаагчийн гар дээр ч ирээгүй байхад зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ташаа мэдээлэл гарсан байна. Үүнтэй холбоотойгоор хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх мэдээлэл хийлээ.
Тэрбээр: “Хоёр хүний хувийн таарамжгүй байдлын улмаас нэгнийхээ амийг хөнөөсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас анхлан мэдээлсэн нь буруу ташаа мэдээлэл явах үндэс болсон. Энэ нь талийгаачийн ар гэр, ах дүү, төрөл төрөгсдийн уй гашууд нэмж сэтгэлийн зовлон болж байна. Одоогоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээний хариу мөрдөн байцаагчийн гар дээр ирээгүй. Ийм байхад удаа дараа ташаа мэдээлэл их гарч байгааг олон түмэн ойлгоосой. Худал мэдээллийг ялгаж салгаасай. Энэ хэрэг дээр нэмж шалгуулах үндэслэл, хүмүүс бий. Одоо мөрдөн байцаах ажиллагаа хийгдэж байгаа. Тогтоогдох нөхцөл байдал өөр” гэдгийг онцолж байсан юм
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.