Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ажлаасаа халагдсан багш нар эсэргүүцлээ илэрхийллээ.

Энэ үеэр АШУҮИС-ийн багш П.Ганчимэг “Түр хороо байгуулсны учир нь дүрэм журмаа баримтлаач гэж хүсч байгаа юм. Мөн гаднаас ямар ч сонгон шалгаруулалтгүй захирлыг томилж байгааг эсэргүүцэж байна. Төрийн алба, академик байгууллагын удирдлагыг сонгохдоо сонгон шаргаруулалтаар сонгодог. Тэр дүрэм журмын дагуу явах хэрэгтэй. Манай сургуульд эрдэмтэн, багш, судлаачгээд удирдлагыг аваад явах чадвартай нөөц байгаа. Гэтэл яагаад заавал боловсролын сайдын тушаалаар гаднаас хүн орж ирж байна? Энэ бол байгууллагын соёлд сөргөөр нөлөөлнө. Одоо захирлаар томилогдсон сайд шалгалтаа өгөөд бусад хүмүүстэй яагаад өрсөлдөж болохгүй гэж. Бид хувь хүний чадвар, боловсролыг эсэргүүцэж байгаа юм биш” гэлээ.

Халамж үйлчилгээний газрын дарга асан Ц.Батхуяг “Би өглөө 10 цагт ажлаас халагдах тушаал авсан. Ажлын байранд архидсан, зүй бус харилцаа гарсан, тендерийг будлиулсан гэж тайлбарласан. Сүүлийн үеийн тендерүүд бүгд онлайнаар явах болсон. Үүнийг ямар ч будлиулах арга байхгүй. Би өчигдөр халамжийн газар очиж үзлээ. Гэтэл тушаалыг үзээд үүнд ямар ч үндэслэл,баримт нотолгоо алга гэсэн хариу өгсөн. Иймээс би шүүхэд хандана. Одоогоор найман хүний албан тушаал солигдсон. Харин хоёр хүнийг ажлаас халсан. Бид гомдолтой байна” гэв.