Сүүлийн үед улстөржсөн шийдвэр гаргах болсон Үндсэн хуулийн цэц тойрсон шүүмжлэл эрчимжлээ. Цэц яагаад улстөржсөн шийдвэр гаргах болов гэсэн асуултад хариу хайгаад үзэхээр цэцийн дарга Д.Одбаярыг шүүмжлэхээс аргагүй зураг харагдаж байна.

Д.Одбаярын хувьд МАН-ын гишүүн. Намынхаа төлөө юуг ч хийж чадах боловсон хүчнүүдийн нэг гэдгийг намтраас нь харж болно. Чансаатай, чадварлаг хуульчдын мерөөддөг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаал томдохоор нэгэн гэдгийг мөн л намтар нь батлаад өгнө. Хууль зүйн яамны газрын дарга, Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн гэсхийгээд намтар нь барагладаг. УИХ-ын гишүүн байхад нь Д.Одбаярын гэж онцолж ярихаар хуулийн нэр лав дуулдаагүй. Мэргэшсэн хуульч гэж үнэлэхээр чансаатай ажил хашиж явсан туршлагагүй гэсэн шүүмжлэл хуульчдын дунд байдаг юм билээ. Дорнод аймгийн засаг даргаар ажилласан жилүүд түүний намтарт бас бий. Аймгийн дарга байхдаа мөн л нэрээрээ овоглосон том ажил хийгээгүй гэсэн яриа нутгийн олны дунд сонсогддог. Ийм шалтгаанаар 2004 оны сонгуульд ИЗН-аас нэр дэвшсэн олын танил биш нэр дэвшигчид ялагдахаа Дөхсөн гэдэг.

Ялагдах дөхсөн тэр жилийнх нь сонгуулийн нэг уулзалтын үеэр шулуухан яриагаараа олонд танигдсан С.Билигсайхан гэдэг буриад эр "Одбаяр Комсомолын дээдээс хөөгдсөн анхны Монгол хүн" гэж шүүмжилж байсан тухай ам дамжсан яриа ч дуулддаг.

 

Намын бага хурлын гишүүнээр намын нөхдийнхөө дэмжлэгийг авч чадаагүй, Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга болох гэж зүтгээд бараагүй, аймгийнхаа намын дарга М.Бадамсүрэнг огцруулах шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргуулсан, Дорнод аймгийн Нутгийн удирдлагын ордонг улсын төсөвт суусан байсныг хувь хүний үл ойлголцол, хонзогнолоос болоод хасуулсан гэх мэт түүний тухай яриа улстөрчдийн дунд өрнөдөг. Олны үг ортой гэж үг бий.

Ц.Жанлав гэж хүнтэй таагүй харилцаатайгаасаа болж Дорнод аймгийн Нутгийн удирдлагын ордон барих мөнгө төсөвт суусныг болиулсан гэсэн яриа сонсогддог. Ямартай ч тэр 2009 онд өдөр тутмын сонинд өгсен ярилцлагадаа "Би Ц.Жанлавт  пянгаа өөрөө даагаарай гэж хэлсэн. Энэ яриа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр яригдсан. Гэхдээ нэлээд эрт болсон явдал. Тэгээд ч Дорнодын телевизээр цацагдаж нийтэд ил болчихсон асуудал. Өөрөөр хэлбэл, Ц.Жанлав дарга өөрийнхөө буруутай үйлдэлд намайг татан оролцуулж байгаа хэрэг л дээ. Ер нь дорнодчууд болон аймгийн удирдлагууд надад итгэж Ц.Жанлав даргын талаар сөрөг мэдээлэл дуулгаад байхад би хэлье гэж бодоод хэлчихсэн юм. Тэгээд ч миний хувьд иргэдийнхээ үгийг сонсохгүй байгаа даргад үг хэлэх үүрэгтэй биз дээ" гэж хэлж байж.

2012 оны эхээр санагдаж байна. МАН-ын булгийн хуралдаан дээр Д.Одбаяр гишүүнд намынх нь хэсэг гишүүн нэлээд хатуу үг чулуудаж байсан юм. Лав л УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Одбаяр аа, чи бүр бүтэлгүй амьтан болсон байна шүү. Энэ муухай долдой зангаа болиорой" гэх зэргээр хатуу үг чулуудсан хэмээн тухайн үед хэвлэлээр мэдээлж байв. Тэр хуралдааны үеэр Н.Ганбямба гишүүн ч дуугүй суугаагүй гэдэг. "Хэн албан тушаалтай, эрх мэдэлтэй байна. Түүн рүү Одбаяр долигонодог болсон байна лээ. Чи ч хүнээ байж дээ" хэмээн шүүмжилснийг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харж болно. Улстөрийн тогоонд хамтдаа байгаа хүмүүс л хувь улстөрчийн хэн бэ гэдгийг гадна, дотногүй мэддэг. Тухайн үед ийм мэдээлэл цацагдаж байсан гэхээр Цэцийн дарга хувь улстөрчийнхөө хувьд ямар хүн бэ гэдэг дээр эргэлзээ төрөхгүй байх арга алга.

 

Т.Батсүрэн

sonin.mn