Жил бүрийн намар багш нарын цалингийн асуудал босч ирдэг уламжлал тогтлоо. Өнгөрсөн жил энэ салбарт цалин нэмсэнгүй хэмээн ажил хаялт зарлаж байсан бол өнөөдөр цалин хангалтгүй нэмлээ гэсэн шалтаг гаргаж байна.

Хэдийгээр боловсролын салбарт цалин нэмэгдүүлэх шаардлага бий ч үе үеийн Сангийн сайдууд огцом өсгөх боломжгүй гэдэг. Учир нь төрийн албан хаагчид дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарынхан тоогоороо жин дардаг тул тэдний цалинд өөрчлөлт оруулах бүрт улсын төсвийн дарамт мэдэгдэхүйц нэмэгддэг хэрэг.

Тэгэхээр бололцооныхоо хэрээр цалин нэмэх бодлого баримталж иржээ. Энэ жилийн хувьд багш нарын цалин нэмэгдсэн боловч МҮЭХ-ноос чамлаж ерөнхий боловсролын сургуулиудыг зохион байгуулан хугацаагүй ажил хаялт зарллаа. Тэд боловсрол, шинжлэх ухааны салбарынхны цалинг есдүгээр сарын 1-нээс 15 хувь, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь нэмэгдүүлэх шаардлага тавьж байна. Ажил хаялтад 12 сургууль оролцсон бөгөөд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын хэлж буйгаар ажил хаялтын цар хүрээ цаашдаа тэлэх төлөвтэй байгаа гэнэ. МҮЭХ-ноос Засгийн газар наймдугаар сарын 22-ны хуралдаанаараа хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрийг зөрчиж дангаараа шийдвэр гаргаж боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарынхны цалинг 8-12 хувиар нэмэгдүүлснийг эсэргүүцэж ажил хаялт зарлаж байгаа юм. Тэд “Энэ ажил хаялт бол төрийн үйлчилгээний албан хаагчид туйлын бага цалингаа нэмэгдүүлэхийн төлөө, эрхийнхээ хүрээнд зохион байгуулж буй тэмцэл гэдгийг албан ёсоор хэлье” хэмээн онцолж байв.

Тэгвэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас уг ажил хаялтыг хууль бус гэж үзэж байгаа аж. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрийн 3.2 дахь хэсгийн наймдугаарт дурдсанаар бол Засгийн газар инфляцийн төвшний өөрчлөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар Олон улсын валютын сантай хэлэлцээрээ үргэлжлүүлэх үүрэг хүлээжээ. Тиймээс энэ үүргээ биелүүлж энэ сарын нэгнээс төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдүүлж байгаа. Түүнчлэн бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын цалинг 12.3 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Тиймээс МҮЭХ-ноос тохирсон хэлэлцээрээс давуулан буюу боловсролын салбарын ажилчдын цалинг энэ сарын 1-нээс 15 хувь, он гараад 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж ажил хаялт зохион байгуулж буй нь Хөдөлмөрийн хуулийн 123.1.3-т заасны дагуу хууль бус ажил хаялт гэж үзэх үндэстэй юм байна.  
Ямартаа ч нэг талаас Засгийн газар өөрийн бололцоогоор цалин нэмэгдүүлэх арга хэмжээ авсан боловч МҮЭХ-ны санаанд хүрсэнгүй. ОУВС-гийн хөтөлбөрт орсон орны хувьд ялангуяа төсвийн зарцуулалтын асуудлыг байнга зөвлөж шийдэхээс өөр аргагүй. Гэхдээ Ерөнхий сайд болоод тус салбарын сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нар цаашид үе шаттайгаар цалинг нэмэгдүүлнэ гэдгийг зарласаар байхад МҮЭХ-ноос асуудлыг хурцаар тавьж буй нь ямар учиртай вэ гэх асуулт ч олон нийтийн дунд байгаа юм. 
Энэ асуудлыг мөн улс төрийн өнцгөөс харж болох юм. Өнгөрсөн жилийн есдүгээр сард цалин нэмэгдүүлэх асуудал босч байсан нь Засгийн газар огцрохтой зэрэгцээд намжсаныг олон хүн мартаагүй байна. Шинээр байгуулагдсан Засгийн газар нэг удаагийн 300 мянган төгрөг олгосон нь асуудал намжих шалтаг болсон гэж харвал дэндүү гэнэн дүгнэлт болно. Тиймээс цалин нэмэгдүүлэхээр акц эхлүүлсэн “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо” хэмээх хөдөлгөөний алга болсон шалтгаан нь өөр зорилго биелүүлээд тарав уу гэдэг таамаг үлдээсэн. Үнэхээр ч энэ салбар мэргэжлийн хөдөлгөөнчин, жагсагч, тэмцэгчидтэй болсоор байгаа нь үнэмшил төрүүлж байгаа юм. Түрүү жил нэг хөдөлгөөн төдийхөнд өөрсдийн байр суурийг алдах шахсан МҮЭХ-ныхон энэ жил өөрсдөө нөхцөл байдлыг гартаа барихыг хүссэн ч байж болно. 
Хачин явдал ч их болж байна. Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нь сайдтайгаа адилхан буюу М.Цогзолмаа гэдэг нэртэй хүн байх. Түүний нөхөр Б.Баярмөнх нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн багш бөгөөд дүүргийнхээ Ерөнхий боловсролын сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороодын зөвлөлийн дарга гэж байгаа. Нийслэлд ажил хаясан 12 сургуулийн дийлэнх нь тус дүүргийнх л дээ. Тодруулбал, 79, 84, 97, 102, 120, “Амгалан” цогцолбор гээд уг дүүргийн зургаан сургууль өчигдөр ажил хаясан. Нийт ажил хаясан сургуулиудын 50 хувь нь гэсэн үг. Дагаад Баянзүрх дүүргийн олон хүн хүүхдээ гэртээ хараад ажил хаясан байх. Лавтай мэдээллээр бол 97 дугаар сургуулийн багш нарыг үйлдвэрчний хорооныхон нь бараг л хүчээр гарын үсэг зуруулсан юм билээ. Тэгэхээр Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа ЕБС-иудын ажил хаялтыг зохион байгуулсан байх ч магадлалтай байна. Цаана нь ямар эрх ашиг нуугдаж байгаа хэрэг вэ. Ер нь тэгээд энэ ажил хаялтыг зохион байгуулж байгаа сургуулийн захирлууд, МҮЭХ-ны хурган дарга нарын хүүхдүүд ингэхэд улсын сургуульд сурдаг уу гэсэн асуулт ч гарч байна. 
Боловсролын салбар ингээд мэргэжлийн болон мэргэжлийн бус тэмцэгчдийн өлгий боллоо. Энэ салбарт ажиллаж буй мянга, мянган багш, ажилчдын цалингаа нэмүүлэх хүсэл магадгүй хувийн ашиг хонжоо хайсан хэн нэгний зорилгыг биелүүлэх эсвэл улс төрийн карьераа нэмэгдүүлэх, олны дунд нэр хүндтэй болох хэнээрхэлтэй хүний талд үйлчлээд байгаа юм биш биз. Тэгвэл Монгол Улс урьд хожид байгаагүй харанхуй ангал, эмх журамгүй байдлынхаа өмнө зогсож байна гэхэд хол зөрөхгүй дүгнэлт болно. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26.1-д “Хүн бүр сурч боловсрох эрхтэй” гэсэн байдаг. Энэ бол дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хүний алдаж болохгүй эрхийн жагсаалт юм. Үүнийг зөрчсөн газар хамаг муу муухайгийн үлгэр жишээ болдог. Харин манайд хүүхдүүдээ сурч боловсрох эрхээр нь барьцаалчихаад ажил хаялт зарлаж, “Улам хүрээгээ тэлэх төлөвтэй байна” хэмээн хээвнэг хэлээд сууж байж болж байна. Засгийн газар ямар ч байсан, Боловсролын сайдаар хэн ч ажилласан ийм байдалтай нүүр тулдаг боллоо. Цалин нэмсэн ч эсэргүүцнэ, нэмээгүй ч эсэргүүцнэ. Нэг үгээр Боловсролын салбар өөрөө ашиг хонжоо хайгчдын шантаажийн тойрогт орчихсон юм биш байгаа. 

“ГЭЭГДМЭЛ ХҮҮХДҮҮД”

Монголын үрс маш олон болтугай. Уг нь сайхан үг. Хүн амаа өсөн үржихийг монголчууд эртнээс хүсэн мөрөөдөж ирсэн. Залуус ч хүн амын өсөлтөд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад өдөрт дунджаар 170-190 хүүхэд мэндэлж байна. Үр дүнд нь өдгөө Монголын хүн ам 3.2 саяд хүрчээ. Сайхан тоо. Улам л өсөөсэй гэж бодох. Даанч өнөөдрийн нөхцөлд ийн бодож чадахгүй нь. Хүн ам өсөхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн асуудлыг хөндөх болж байна. Хүүхэд нэмэгдээд л байдаг, гэтэл тэднийг багтааж шингээх цэцэрлэг, сургууль манайд алга. Жилдээ арай ядан 2-3 сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулж байгаа нь монголчуудын хурд, хөгжил дэндүү саармаг байгаагийн тод жишээ юм. Бид нийслэлийн утаа, өмхий хоёрт л гол анхаарлаа хандуулж байтал Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн хөгжил орхигджээ. Тиймээс уг сэдвийг хөндсөн нь энэ. 

100 МЯНГА ОРЧИМ ХҮҮХДЭЭС 50 ХУВЬ НЬ ЦЭЦЭРЛЭГГҮЙ ҮЛДЭВ

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 230 орчим, хувийн хэвшлийн 450 гаруй  цэцэрлэг бий гэдэг статистикийг бид өдөр бүр шахам сонсдог. Үнэндээ энэ тоо нэг их сонин биш. Тэртээ, тэргүй бид бүх цэцэрлэгийг тоолоод явж чадахгүйгээс хойш хэд ч гэж хэлсэн дурын асуудал биз. Гэхдээ бодит, үр дүн, бодит байдал нь статистик дүнгээс илүү чухал юм. Хэдэн ч цэцэрлэг байж болно, гагцхүү эдгээр нь цэцэрлэгийн насны бүх хүүхдэд хүрэлцэхэд хэдэн жилийн хугацаа хэрэгтэй вэ. Бид дахиад хэдэн жил хүлээх вэ гэдгийг төр, засгийн удирдлагуудаас асууя. Тав уу, эсвэл 10 жил үү. Ийм хугацааны дараа бид санаа зовох зүйлгүйгээр хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадах уу дарга нар аа. Өнөөдөр хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахын тулд сугалаанд найдаж азтай, азгүйгээрээ дуудуулж байна. Хамгийн сүүлийн жишээ нь Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт орших “Тэсо” констракшны барьж ашиглалтад оруулсан “Содон” цогцолбор хорооллын дунд орших цэцэрлэг. Тус цэцэрлэг ашиглалтад ороод дөнгөж гурав хонож байна. Уг цэцэрлэг нь 200 хүүхдийн багтаамжтай. Анхнаасаа орон сууцны хороолол дунд барьсан учраас багтаамжийн хувьд тааруу. Эцэг, эхчүүд уг цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд дөрвөн шөнө, таван өдөр ажил, гэрээ умартан дугаарласан. Мэдээж бүртгэл, сугалаа явагдах хүртэл юу эс болох вэ. Хэрүүл маргаанаас эхлээд хүүхдийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй эцэг эх тэнд цугласан байлаа. Ингээд хэдэн шөнө дугаарласны эцэст бүртгэл дуусч сугалаа болов. Бага бүлэг буюу хоёр настнуудын ангид 130 хүүхэд бүртгүүлжээ. Үүнээс 40 нь сугалаагаар цэцэрлэгтэй болж, үлдсэн 90 хүүхэд дахиад нэг жил гэртээ өнжихөөр болов. Гурван хүүхэд тутмын нэг нь л азаар цэцэрлэгтэй болсон гэсэн үг. Сугалаанд хожсон эцэг эхчүүдийн баярын нулимс, азгүйтсэн ээжийн гомдлын нулимс тэнд зэрэгцэнэ. Үнэндээ сугалаанд азгүйтсэн нэгний амнаас хараалаас өөр үг гардаггүй юм билээ. Хамгийн гол нь үлдсэн 90 хүүхэд ирэх жил яах вэ. Дахиад сугалаанд орж азгүйтэх үү, эсвэл шууд цэцэрлэгт хамрагдах уу гэдэг асуулт зайлшгүй урган гарч байгаа юм. Гурван настнуудын ээлж ирэв. Бас л 100 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Тэднээс 40 нь цэцэрлэгтэй үлдэж, бусад нь гэртээ өнжинө. Дөрвөн настны ангид 90 хүүхэд бүртгүүлснээс бас 40 нь сугалаанд ёндоорлоо. Эцэст нь таван настны ангид 90 хүүхэд бүртгүүлсэн бөгөөд бүгд сугалаанд хамрагдахгүйгээр цэцэрлэгт оров. Бөөн аз. Учир нь, таван настнуудын хоёр анги нээсэн нь энэ. Ингээд дахиад л хэрүүл маргаан дэгдлээ. Хоёр настнуудыг хамгийн ихээр хамруулах ёстой байтал гээд л эхэлсэн. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч болон аргазүйчийн тайлбар “Хоёр настнууд арчилгаа ихтэй, тэдэнтэй тулж ажиллах багш нарын хүрэлцээ муу байна. Нөгөө талаас таван настнууд ирэх жил сургуульд орох учраас зайлшгүй бүгд хамрагдах ёстой” гэв. Нэг ёсондоо өөрсдийнхөө ажлыг хялбарчилж, хоёр настнуудтай зууралдахаас жийрхсэн хэрэг. Ер нь цэцэрлэгийн нэг ангид 40-50 хүүхэд суралцана гэдэг байж боломгүй. Тэндээс хүүхэд юу сурах вэ. Наанадаж өвөл, хаврын цагт ханиад томуунаас салахгүй, цаанадаж багш нар мэдрэлийн ядаргаанд орох нь аргагүй юм. Бүхнийг дотор нь мэдрэх бус дээрээс харж мэдэмхийрдэг дарга нар ийм зовлонг ойлготлоо нэлээд удах бололтой. 

ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГ БА БИЗНЕС СЭТГЭЛГЭЭ 

Нэг хэсэг эмийн сан, эмнэлгүүд борооны дараахь мөөг шиг олширсон. Шүдний, нүдний, чихний, дотрын, мэдрэлийн, хүүхдийн гээд л төрөл төрлөөрөө нээгдэж байлаа. Ямарсайндаа л дөрвөн давхар дөрвөлжин байшинд 7-10 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байх вэ. Тэгвэл өнөөдөр хувийн гэх тодотголтой цэцэрлэг ч яг л эмнэлэг шиг олширчээ.  Нийслэлийн хэмжээнд 450 гаруй хувийн хэвшлийн цэцэрлэг бий. Энэ бол албан бус. Үүнээс гадна бүртгэлгүй 100 орчим цэцэрлэг бий гэдэг. Хувийн цэцэрлэгүүдийн багтаамж 100-250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Санхүүгийн боломжтой нь хүүхдээ хувийн цэцэрлэгт өгнө. Нэг ёсондоо дунджаас дээш орлоготой нь гэсэн үг. Гэтэл хүүхдийн сурах хүслийг боомилж байгаа юм шиг гайгүйд тооцогдох хувийн цэцэрлэгүүд нь энэ жилээс үнээ нэмчихэж. Хамгийн багадаа 50, ихдээ шууд 100-150 мянган төгрөгөөр нэмжээ. Нийгэмд дутагдалтай байгаа орон зайг нөхөж буй нь сайн хэрэг ч эрх ашгаа бодож бүхнийг зоосны нүхээр харж байгаа нь харамсалтай. Хүн бүрийн хамгийн чухал зүйл болох  сурч мэдэх эрх, эрүүл мэнд хоёр мөнгөөр хэмжигддэг цаг иржээ. Үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдийн олонх нь стандарт бус байртай. Ялангуяа гэр хорооллын дунд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн байр, орон сууцтай танилцвал ёстой гайхаад хоцорно. Нэг хашаанд таван гэр, эсвэл дөрвөн цонхтой нэг давхар урт байшин бариад түүнийгээ цэцэрлэг гэж нэрлэнэ. Боломж муутай нэг нь хүүхдээ бусдаас хоцроохгүйн тулд 150-200 мянган төгрөг төлж ийм цэцэрлэгт бяцхан үрсээ явуулж байгаа юм. Арай дөнгүүр байр савтай цэцэрлэгийн төлбөр 250 мянган төгрөгөөс дээш гараад явчихаж. Тэгсэн атлаа хувийн цэцэрлэгүүдийн 90 хувь нь галын аюулгүй байдал, зориулалтын бус байртай гэх мэт дүн авдаг нь гайхалтай. Тэдэнд хэн нэгний аюулгүй байдал чухал бус, зөвхөн мөнгө олох зорилго өвөртөлдөг эндээс харагдана. Зурагтын хуучин эцсээс Баянхошууны тойрог хүртэл зөвхөн нүдэнд ил харагдах хувийн цэцэрлэг 30 орчим бий. Түүнчлэн Зайсангийн 115 дугаар сургуулиас “Оргил” худалдааны төв хүртэлх орон сууцнууд дунд 20 гаруй цэцэрлэг бий. Нэг км хүрэхтэй, үгүйтэй зайд шүү дээ. Ерөөсөө орон сууцны нэгдүгээр давхарт дөрвөн өрөөг тохижуулсан болоод л цэцэрлэг нээчихэж байгаа юм. Хувийн цэцэрлэгийн давуу тал нь оройн 20:00 цаг хүртэл ажилладаг. Үнэхээр дутагдсан орон зайг нөхөх сэтгэлтэй бол огт төлбөргүй биш юмаа гэхэд ядаж л 100-150 мянган төгрөгийн хооронд үнээ барьж, аюулгүй байдалдаа анхаарал хандуулж чадвал  заавал улсын цэцэрлэгт өдөржин, шөнөжин дугаарлалгүйгээр хүүхдээ хувийн цэцэрлэгт өгөх сэтгэл олон ээж, аавд байна. Харамсалтай нь, хувийн гэх тодотголтой цэцэрлэгүүд зөвхөн өөрийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж байгаа учраас өнөөдөр олон мянган хүүхэд цэцэрлэгийн гэртээ нэг жилийг өнгөрөөх болов. Ирэх жил тэдний ирээдүй бас л бүрхэг. Хатуухан хэлэхэд, хувийн эрх ашгаа нэгдүгээр тавьж, зөвхөн мөнгө хардаг цэцэрлэгүүдэд төр төмөр нүүрээ харуулах цаг болжээ. Зөвшөөрөл өгч чадсан юм чинь түүнийг нь цуцалж бас болно биз дээ. Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өсч, хүмүүжих эрхтэй шүү. 
Жилийн жилд цэцэрлэгийн дутагдалд орж, үр хүүхдээ азтай, азгүйгээр нь дуудуулж явахаар хүүхэдгүй явмаар ч юм шиг. Дорой бодолтой байж болох ч өнөөдрийн нийгэм үүнийг л хүсч байгаа гэмээр. Эсвэл авлигал, хээл хахуулийг цэцэглүүл гээд байгаа ч юм шиг. Өнөөдөр хүүхдээ цэцэрлэгтэй болгохын тулд эцэг эхчүүд багадаа 300-700 мянган төгрөгийн хахуулийг тухайн цэцэрлэгийн багш, эрхлэгч, аргазүйчид өгдөг нь нууц биш. Энэ бол дундаж жишиг. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг ардын үгний нэгэн адил эхлээд цэцэрлэг, сургуулиа хангалттай барь. Дараа нь хүн амаа өсгөж, олуулаа болох бодлогоо хэрэгжүүлбэл хэзээ ч оройтохгүй. 

ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛДЭЭ ОРОХЫГ, БАГШ НАР ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХИЙГ ХҮССЭЭР

Хүүхэд шуугих эрдмийн их өргөөд аниргүй байна
 
“Мэдэгдэл” гэсэн хар бичигтэй жижигхэн цаасыг хүү багшийнхаа ши­рээн дээр зөөлөн тавиад урамгүйхэн эргэв. Түүн дээр эцэг эх, асран хамгаалагч нарт хандан “Улс орон даяар боловс­ролын байгууллагын  ажилтнуу­дын цалин хөлсийг нэмэг­дүүлэх шаардлагын дагуу хугацаагүй ажил хаялтыг 2018 оны есдүгээр сарын 3-ний өдрийн өглөө 08.00 цагт эхлэх болсон тул хүндэт эцэг эх та нөхцөл байдлыг ойлгон өөрийн хүү/ охин .....М.Цэнгүүн.......-г хариуцан ажил хаялт зогсох хүртэл эрүүл аюулгүй орчинг ханган анхаарлаа хандуулахыг эцэг/эх ....Г.Мөнхтуяа .....хүсье. Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсэг” гэсэн байлаа. Тус сургуулийн хурлын зааланд багш нар цугласан бөгөөд зуны амралт дуусаагүй гэлтэй нам гүм. Угтаа бол хүүхэд шуугин, тааз нуртал чимээтэй байх ёстойсон. Энэ бол цалингаа 50 хувиар нэмүүлэх шаардлага тавин багш нар нь ажил хаясан эхний сургуулийн дүр зураг. Тус сургууль нь 1200 гаруй сурагчтай 49 багштай юм байна. Ажил хаях тухайгаа есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр сурагч болон эцэг эхчүүдэд мэдэгдсэн гэнэ. Харин бага ангийн хүүхдүүдэд энэ тухайгаа хэлэхдээ  өнгөрсөн сарын 27-нд эцэг эхийн хурал хийж, тэднээр дамжуулан ойлгуулахыг хичээсэн байна. Тус сургуулийн Гадаад хэлний багш Н.Мөнхдаваа үүнтэй холбогдуулан ярихдаа “Бид өмнө нь сануулах хэмжээний ажил хаясан. Тэгэхэд багш нарын үр дүнгийн урамшууллыг 15-20 хувь болгон нэмсэн. Мөн 2017 онд багтааж 300 мянган төгрөг олгохоор болсон. Энэ онд мөн 300 мянган төгрөг нэмнэ гэсэн үндэслэлтэйгээр бидний эсэргүүцлийг зогсоосон. Бид цалингаа 50-иас доошгүй хувиар нэмүүлмээр байна. Гэтэл өнгөрсөн сард Засгийн газраас төрийн албан хаагчид урамшуулал болгон олгох мөнгөө цалин нэмэхдээ ашиглахаар боллоо. Тэгэхээр бидний бодит орлого нэмэгдэхгүй байна. Түүнчлэн багш нарыг ялгаж байна. Ерөн­хий бо­ловсролын сургуулийн багш нарын цалинг найман хувиар нэм­сэн атлаа цэцэр­лэгийнхийг 12.5 хувиар нэмсэн. Энэ бол шударга бус. Өөрөөр хэлбэл, 577 мянган төг­рөгийн цалин авдаг миний цалин 40 гаруй мянган төгрөгөөр нэмэгдэж байхад надтай яг ижилхэн цалин­тай цэцэрлэгийн багшийн цалин 60 гаруй мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ бол бодит орлого биш. Цалингаа 50 хувь нэмээд, урамшуулал 300 мянган төгрөгөө өгөхийг шаардаж байна” гэв. Багш ажилчид нь ажил хаяж, амралт нь дуусаагүй энэ сургуулиас гарахад хашааны гадна дүрэмт хувцас өмссөн дэгжин хөвгүүд, охид холхилдсоор. Харин уг сургуульд хүүхдийн бараа ч алга. Сургуулийн хашаанаас гарч алхсаар үсээ цэмцийтэл засуулсан арав орчим насны хүүтэй таарлаа.  “93 дугаар сургуульд сурдаг уу” гэхэд хүү “Тийм ээ. Даанч манай сургууль орохгүй байгаа. Багш нар ажил хаясан гэж ээж хэлсэн. Би итгэхгүй өөрийн нүдээр ирж харлаа. Зун дуусахыг зөндөө хүлээсэн” хэмээн дуржигнуулав. Ингээд бидний эрэл цааш үргэлжилсээр тус дүүргийн 78, 113, 28 дугаар сургуульд очиход хичээл хэвийн үргэлжилж байв. 

12 СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛЧИД АЖИЛ ХАЯЖЭЭ

Шинэхэн хувцасаар гоёсон хүүхэд багачууд ээж аавынхаа гараас хөтлөн их л баяртай алхана. Тэд яарсаар, хөөрсөөр, шулганасаар. Хаа сайгүй хүүхдийн дуу цангинаж, зуны гурван сар чимээ багатайхан байсан их хотын өглөө даваа гараг  болоод ч тэрүү хаа сайгүй хөл хөдөлгөөн ихтэй байв. Үүний  дараа бид Хан-Уул дүүргийг зорьж, гадаад хэлний сургалттай 18, 52, 15 дугаар сургуульд очив. Ингэхэд 52, 15 дугаар сургуулийн хичээл хэвийн үргэлжилж, 18 дугаар сургууль хичээлийн шинэ жилийн уур амьсгалгүй дүнсийж байлаа. Биднийг очиход үүдэнд хоёр багш эцэг, эх сурагчдыг угтан авч мэдээлэл өгч байв. Тус сургууль нь 2300 гаруй хүүхэдтэй бөгөөд  86 багш ажил хаяжээ. Энэхүү сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, математикийн багш Б.Гандолгороос дараах зүйлийг тодрууллаа. 

-Эцэг, эх, хүүхдүүдэд ажил хаялт зарлах тухай хэрхэн мэдээлсэн бэ?
-Ажил хаях тухай өнгөрсөн жилээс эхэлж ярьсан тул нийгэмд хүлээлт их байгаа. Тэгтэл энэ хүлээлтийг Засгийн газар хүлээж аваагүй. Хүлээлт байгааг эцэг эхчүүд мэдэж байсан тул бидний энэ байдлыг сөргөөр хүлээж аваагүй. Сургуулийнхаа цахим хуудсаар дамжуулан хүүхдэд энэ талын мэдээ­лэл өгсөн. Мөн бүх хүүхдэд мэдэгдэл хүргүүлсэн. 
-Хүүхдүүд ажил хаялт зарласныг мэдэлгүй өнөөдөр /өчигдөр /хичээлдээ ирсэн талаар мэдээлэл байсан. 
-Тийм ээ. Тавь гаруй хүүхэд ирсэн. Эцэг эхтэйгээ ирсэн хүүхдийн эцэг эхтэй нь уулзсан. Ганцаараа ирсэн хүүхэдтэй тусгайлан уулзаж, асуудлыг тайлбарласан. 
-Зуны амралт дуусч, хичээлдээ орохыг хүүхдүүд маш их хүлээж, догдолсон байх. Тэгэхээр хичээл орохгүй гэхээр урам нь хугарна. Тэд асуудлыг хэрхэн ойлгож байна вэ. Тэдний сэтгэл зүйг бодоод багш нар ажил хаялтаа түр хойш­луулж болоогүй юм уу?
-Хүүхдүүдэд энэ байдал хүнд тусч байгаа нь ойлгомжтой. Бидэнд ч бас бахархаад байх зүйл алга. Гэхдээ амьдрал хүнд байгаа болохоор ингэж шаардахаас өөр арга алга. 
-Ажил хаялтаа зогсоо, хичээлдээ орооч гэсэн шаардлага ирж байгаа юу?
-Байнга ирж байна. Гэхдээ хүнд дарамт  үзүүлээгүй гэв. 
Харин Баянзүрх дүүр­гийн нийслэлийн анхны цахим сургууль хэмээн нэрлэгддэг 84 дүгээр сургуульд очиход  “Багш нарыг нийгэмд буруугаар ойлгож байна” гэсээр биднийг угтав. Тэд чиглэл чиглэлээрээ нэг баг болон цалингийн тооцооллоо гарган өөрт шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргажээ. Хүүхэд шуугидаг их өргөө мөн л зуны амралт дуусаагүй мэт аниргүй. Харин түүний оронд коридор, үүдэнд гэх мэт нүдэнд харагдахуйц газруудад “Багш ажилчдын цалинг нэмэгдүүлье”, “Багш бид өрийн дарамтаас гармаар байна”, “Нийгмийн асуудлаа шийдүүлье” гэх үгсийг байрлуулсан байлаа. Үргэлжлүүлэн тус сургуулийн англи хэлний багш Б.Наранбат “Гадуур багш нарын цалинг 30 хувь нэмсэн гэсэн яриа байна. Засгийн газраас бидний шаардлагыг хүлээж авсан үед багш нар ажил хаялтаа зогсооно. Багш бүр хүүхдүүд рүү утастаж хэлсэн. Багш нар ажил хаяахад нийгэмд эцэг, эх хүүхдүүдийг энэрч, багш нарыг үзэн ядаад байх юм. Бид ч амьдралаа бодсондоо ийм шийдвэр гаргасан. Багшийг бодло­гоор дэмждэг төрийг хүсч байна” гэлээ. Ажил хаяж, цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн багш нарыг буруутгахгүй ч, зуны гурван сарын турш амарч, ангийн найз, хайртай багшаа санан хичээлийн жилээ хуруу даран хүлээсэн хүүх­дүүдийн догдолсон сэтгэлийг царцаасан нь тийм ч таатай биш байгаа талаар эцэг эхчүүд  ярьж байна. Хүүхдүүд ч гонсойсон сэтгэлээ нуулгүй илэрхийлж байна. Энэ жил  814 ерөнхий боловсролын сургуулийн 597.2 мянган хүүхэд суралцаж байгаа юм байна. Үүнээс албаныханы мэдээлснээр 12 сургуулийн багш, ажилчид ажил хаяжээ. Дээрх дүр зургаас харахад, энэ хичээлийн шинэ жилийн өнгө аяс хүүх­дүүд хичээлдээ орохыг, багш нар цалингаа нэмэгдүүлэх хүслээр дүүрэн эхэлж байна.

 

Ж.БАЯР

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/