Энэ сар эхэлснээс хойш замын хөдөлгөөний ачаалал ихээхэн нэмэгдээд байгаа билээ. Сурагч, оюутнуудын хичээл эхэлсэнтэй холбогдуулан нийслэл хотод шилжин ирэх хүний тоо нэмэгдсэн нь үүнд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа. 

Иргэдийн дунд замын хөдөлгөөний хэт их түгжирэлийг хэрхэн зохицуулах хотын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бөгөөд хотын дарга С.Батболд дараах мэдээллийг өгчээ. 

Түгжрэлийн асуудал бид бүгдийн санааг зовоож байна. Жилд гаалиар 40 мянга орчим авто машин орж ирдгийн 80 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Гэтэл нэг ч машин хогийн цэг дээр очихгүй байгаа. Жил бүр нэмэгдэж байгаа энэ машины ачааллыг 500 мянган хүн амтай байхаар төлөвлөгдсөн хот даахад хэцүү. Түгжрэлийг сааруулах олон арга бий. Жолооч нарын ур чадвараас түгжрэлийн 20 хувь хамаардаг гэдэг олон улсын судалгаа байдаг. Явган зорчигчдын орц гарцыг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Автомашины импортын бодлого дээр анхаарах хэрэгтэй. Япон солонгосын хуучин машиныг энд авчирч булшилж байна. Түгжрэлийг бууруулах чиглэлээр өмнө нь иргэдээс тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал авахад санал асуулгад оролцсон иргэдийн 60 гаруй хувь нь татгалзсан. Гэхдээ сүүлийн үед түгжрэлийг сааруулахад арга хэмжээ авах, тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулаач гэсэн санал иргэдээс их ирэх болсон. Гэхдээ бид түгжрэлийг сааруулахад тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаас гадна өөр ямар боломж байна вэ гэдгийг судалж байна. Шууд тэгш, сондгойгоор зорчих шийдвэр гаргахад бас хүндрэлтэй. Тиймээс ойрын хугацаанд тодорхой шийдэлд хүрэх байх" гэлээ.